Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” нэртэй түүхэн цувралын гуравдугаар боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын талаар товчхон өгүүлэхэд эхний боть нь “Монголчууд XX зууны эхэнд” гэсэн нэртэйгээр гарсан бол хоёрдугаар боть нь “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэйгээр гарсан бөгөөд эхний ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим орчим түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

Харин энэ удаагийн цуврал буюу гуравдугаар ботьдоо 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаасан бөгөөд энэхүү хугацааг сонгосны учрыг Бүгд найрамдах улс байгуулсан үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялсан үеийг түүхийн нэгэн үе болгон авсан хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү 1924-1959 оны түүхийг өгүүлэх гуравдугаар боть нь “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд нүүдэлчид хэрхэн суурьшмал амьдралын хэв маягийг хүлээн авсан хийгээд улс орны бүтээн байгуулалт, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрснийг сонирхолтойгоор өгүүлэх ажээ.

Уг ном ч мөн өмнөх ботиуд хийгээд цувралын онцлогоо хадгалан түүхэн гэрэл зургийг түлхүү ашигласан бөгөөд нийтдээ 1200 гаруй түүхэн гэрэл зураг орсон байна. Үүнээс гадна номын зохиогчдын хувьд тухайн салбар бүрийн судлаачид, нийгэм журмыг байгуулалцахад гар бие оролцон явсан хүмүүсийн төлөөлөл оролцсноороо бас чухал онцлогтой ажээ.

Ямартай ч “Монголчууд” цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн үеэс өнөөг хүртлэх түүхийг олон нийтэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар гаргах төлөвлөгөөтэй байгаа тухай тус хэвлэлийн газрын ажилтан мэдээллээ. Үүнээс гадна тус цувралын эхний хоёр ботийг www.internom.mn сайтыг ашиглан онлайнаар худалдан авах боломж нээгдсэн байгаа юм байна.

Шинээр хэвлэгдэн гарах гуравдугаар ботийн нээлтийн үйл ажиллагаа тун удахгүй болох бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.