Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар ээлжит хуралдаан маргааш болно. Энэ нь Монголын улс төрийн амьдралд яах аргагүй анхаарал татах халуун үйл явдал болох нь тодорхой юм. Уг хурал руу чихээ тавих намууд олон бий. АН-ын даргаар З.Энхболд сонгогдсоноос хойш анх удаа ҮЗХ-гоо хуралдуулж байгаа юм.

ҮЗХ-ын хуралдаанаар энэ удаад нөхөн сонгуульд ялалт байгуулсан гишүүдийг ҮЗХ-ны гишүүнээр батламжлах, мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцах төлөвтэй байгаа аж. Тодруулбал, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус нам сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэн оролцох талаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар ҮЗХ-ны гишүүдээс санал сонсохоор төлөвлөж байгаа юм байна.

Тиймээс энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хурлаар уг асуудлыг тодорхой болгож, тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Ардчилсан намын ҮЗХ нийт 228 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн хурлаар намын дүрэм, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцах магадлалтай байгаа юм.

Т.Буянаа