2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж, парламентад олонхи болсны гол гавьяаг яалт ч үгүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбож үзэхээс өөр аргагүй билээ.

Тэрбээр намаа удирдан сонгуульд амжилттай оролцуулж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Гэвч АН-ын бүлэглэл, фракциуд 1996-2000 онд эрх барьж байхдаа гаргасан томоохон алдаануудаа давтаж, тогтвортой байсан засаглалыг Н.Алтанхуягтай нь хамт хөмрөөд хаячихсан. Тэд ажил хийж байгаа, тэр хэрээр шүүмжлэл хүлээж байгаа нэгнийгээ түлхэж унагаадаг муухай зуршилтай улс. Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракци дэндүү хүчирхэг боллоо, одоо дийлдэхээсээ өнгөрлөө гэж айгаад Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга, Э.Бат-Үүл тэргүүтэй фракци, бүлэглэлүүд нэгдэж Норовын хүүг унагаах операцийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүр­гэн Г.Дэнзэнгээр нь эхлүүлж, хөөрхий муу “нүүрсчин” Л.Гансүхээр туг тахих зэргээр өөдгүй загнасныг Монголын ард түмэн хоёр нүдээрээ харсан.

Тэгвэл одоо тэдэнд бас нэг дийлдэшгүй атаат дайсан бий болсон гэж санагджээ. Тэр нь “Женко” Х.Баттулга. Амьд­ралын их сургуульд дэндүү сайн суралцсан Х.Баттулга ард олны дотор дэндүү нэр хүндтэй болоод эхлэн­гүүт “За, баларсаан. Өнөөх чинь удахгүй дийлдэхээ болих нь. Аягүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших нь. Эртхэн шиг унагаая” гэж сандралдан эргэн тойронд нь ажиллаж байсан хүмүүсийг баривчлан хорьж, байцаах, эрэн сурвалжлах зэргээр нэр хүндийг нь хараар будаж эхлэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт хол тасархай ялалт байгуулж, намдаа нэг чухал суудлыг авчир­сан гэдгийг тэд өдгөө мартжээ. “Женко” энэ сон­гуулиар ч гэсэн нутагтаа торойтол гараад ирэх нь ойл­гомжтой. Хэн хүний өөдөөс бодсон, санаснаа шууд хэл­чих­дэг шулуун шударга зантай түүнийг эртхэн дарж авах­гүй бол Н.Энхбаяр шиг дийлдэхээ болино гэж үзсэн тул улс төрийн тавцангаас зайлуулахаар шийдсэн биз ээ.

Эх сурвалж www.wikimon.mn