Ч.Сайханбилэг ганцхан чуулганы “нас”-тай Ерөнхий сайд байх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэх нь. Учир нь, тэрбээр өнгөрсөн оны намрын чуулган эхлэхэд ажлаа авч байсан бол хэдхэн сарын дараа сайдын суудал нь ганхаж эхэллээ.

Ганц чуулган ч дуусгалгүй ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах асуудал босч ирсэн нь алдарт Дубайн гэрээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өчигдөр 16.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Түүнийг тогтоолоо өргөн барихад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар байлцав. Дээрх нэр бүхий гишүүд Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоол өргөн барьсны дараа буюу 16.20 цагийн орчимд Ч.Сайханбилэг сайд УИХ-ын даргын өрөөнд орсон юм.

 

Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг сайд өөрийг нь огцруулах тогтоолтой танилцахаар 10-аадхан минутын дараа спикерийн өрөөнд “зочилсон” нь нэлээд сандрангуй байгааг илтгэнэ. Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг Г.Уянга гишүүн жилийн өмнө санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд ангийн нөхөд нь дэмжсэнээр АН засаг барих хугацаандаа гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэх эсэх нь яригдаж эхэллээ. Гүйцэтгэх засаглалын тэр- гүүнийг огцруулах тогтоол өргөснийхөө дараа Г.Уянга гишүүн “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барилаа. Гол үндэслэл нь Ч.Сайханбилэг сайд Арабын нэгдсэн Эмират улсад очиж гэрээ байгуулсан. Ингэхдээ Оюутолгойн орд газарт байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ болон бусад асуудлыг дордуулсан. Уг нь Монголын талд тодорхой хугацааны дараа 34 хувийн ашиг авах тов тодорхой гэрээ байсан. Гэтэл Ч.Сайханбилэг энэ гэрээг өөрчилж, Монголын талын хүртэх ашгийг хойшлуулж, алдаатай гэрээ болгосон. Тиймээс уг асуудлыг гол үндэслэл болгон огцруулах бичиг өргөн барьж байна. Энэ үндэслэлийг УИХ-ын 20 гишүүн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн “Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолыг харин ч цаг алдаж өргөн барилаа. Энэ хүн Оюутолгойн гэрээг дордуулсан. Тиймээс ийм Засгийн газрыг дахин зургаан сар бүү хэл нэг сар ч байлгаж болохгүй. Энэ нь Монгол Улсад хохиролтой байх болно” гэсэн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн “УИХ-ын нэр бүхий гишүүд санал нэгдэн гарын үсэг зурснаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолыг өргөн барилаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэн шийдэх байх. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл маш тодорхой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны хавар Ч.Сайханбилэг сайд Дубайд очиж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Оюутолгой бол Монгол Улсын ард түмнийг хэдэн үеэр нь тэжээх, дэлхийн хэмжээний орд газар. Энэ гэрээг харилцан ашигтай хийх ёстой атал улам дордуулсан учраас огцруулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Ийнхүү Ч.Сайханбилэг сайдыг огцруулах асуудал улс төрийн тавцанд шинэ сэдэв болон гарч ирлээ. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг сайдыг огцруулах тогтоолд АН-ын томоохон лидер Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зурсан нь олны анхаарлыг татаж байсан. Энэ удаад ч түүний гарын үсэг байсан бол ийнхүү Г.Уянга гишүүн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах тогтоол өргөн барьсны дараа “Би нэлээн эрт нэрээ татсан юмсан. Холбогдох хүмүүст нь хоёр сарын өмнө хэлсэн дээ” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан ца- хим ертөнцийнхөн Г.Уянга гишүүнийг “Хүнийг хүчиллээ” хэмээн баалж байгаа ч Р.Амаржаргал гишүүний гарын үсэг байсан, байгаа- гүй хуулийн босго буюу 19 гишүүн гарын үсгээ хэдийнэ зуржээ. Үүнд, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.От- гонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар байна. Намрын чуулган хаалтаа хийхэд арваадхан хоног үлдсэн, монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сар болох гэж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд суудалдаа үлдэж чадах эсэх нь хэн бүхэнд хамаатай. Улс төрийг сэрээсэн энэ үйл явц цаашид хэрхэн өрнөхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

 

М.ӨНӨРӨӨ