Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хариулгагүй мал цасан шуурганд уруудан хилд тулах, хил давах хэлбэрийн зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баян-Уул, Мэнэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн дугаар ангиудын хариуцсан хэсэгт 230 гаруй адуу, Сүхбаатар аймгийн Онгон, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн отрядын хариуцсан хэсэгт 450 гаруй үхэр, 500 бог мал тус тус бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн эдгээр өдрүүдэд Увс аймгийн хилийн хариуцсан хэсгээр 19 тооны адуу, Ховд аймгийн хилийн хариуцсан хэсгээр 23 тооны бог мал тус тус бэлчээрээр хил давж ирснийг илрүүлэн, орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргасан байна.