Дуучин Р.Амарбаясгалан олон жилийн дараа уран бүтээлээрээ эргэн ирлээ

Нэгэн үед хүн бүр л хос дуучдын дуунд дурлаж, дуучид нь бас хоорондоо дурлалцаж байх үед өөрсдийн өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч гарсан дуучид бол Р.Амарбаясгалан, Г.Нарантунгалаг нар. Хослон үерхээгүй ч хосоороо чадамгай уран бүтээлүүд туурвин хит болгож чадсан дуучдын маань “Чамдаа би хайртай шүү” дуу 2006 оныг донсолгож байсан. Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн байр сууриа тамгалж чадсан дуучид маань сүүлийн үед нам гүмхэн болоод буй. Учир нь дуучин бүсгүй нь гэр бүл зохиож, харин Р.Амарбаясгалан нь Австрийн Линз хотноо дуурийн театрт мэргэжлээрээ ажиллан монгол дуучны хоолойг гайхуулж яваа аж. Тэрээр саяхан эх орондоо ирээд буцахдаа элгэн садан, ээж аав, эх орноо магтан дуулсан “Сэтгэл хорогдсон нутаг” хэмээх шинэхэн дуугаа клипжүүлээд амжсан байна. Нэгэн үеийн хит дууны эзэн маань алс холын харийн нутгаас эх орноо тэмүүлэн шинэ уран бүтээлээ хийж эхэлсэн хойно дараа дараагийн уран бүтээлээ илгээсээр байх нь дамжиггүй биз ээ.