Монгол Улсын Филармони иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зургаан төслийг хэрэгжүүлэх болсон талаар олон нийтэд мэдээлэл хүргэв.

Монгол уран бүтээл төсөл нь нэг, хоёрдугаар сард хэрэгжих бөгөөд Монгол хөгжмийн бүтээлийн урын санг баяжуулж, үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох юм. Энэ хүрээнд нийт таван тоглолт тоглогдоно.

Бид нэг гэр бүл төслөөр гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан хөгжмийн урлагийн ач холбогдолыг гэр бүлд түгээх зорилгоор дөрвөн тоглолт хийнэ.

Их хотын хэмнэл төлсөөр дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан дөрвөн тоглолт хүргэх юм.

Хүүхдийн ертөнц төслөөр тавдугаар сард хүүхэд багачуудад хөгжмөөр дажуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох нийт дөрвөн тоглолтын зохион байгуулахаар болжээ. Хүүхдэд зориулсан хөгжмийн уран бүтээлийг нэмэгдүүлэх гэнэ. Энэ тоглолтоор Улсын Филармонийн уран бүтээлчид хүүхдэд зориулсан уран бүтээл хүргэх гэнэ.

Монголын сайхан орон төслөөр зургаа, долдугаар сард аялагч, жуулчдад зориулан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг дэлхийд сурталчилах ажээ.

Дэлхийн хөгжим төслөөр ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сард дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлийн нийт 12 тоглолтыг зохион байгуулах болсон бөгөөд долоо хоног бүрийн баасан гаригт үзвэртэй байх юм.

Энэ онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж 65 насны ой, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа 100 жилийн ой тохиож байгаа юм. Дээрх хоёр уран бүтээлчийн уран бүтээлийг толилуулахаар бэлдэж байгаа гэнэ. Ирэх сарын 26-нд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойд зориулсан симфони найрал хөгжмийн тоглолт эгшиглэх ажээ. Түүнчлэн Симфони найрал хөгжмийн чуулгын хамт олон гуравдугаар сарын 25-нд Бетховены наймдугаар симфони болон хийлд зориулсан уран бүтээлийг тоглохоор бэлдэж байгаа юм.

Морин хуурын чуулгын хамт олон үзэгч олондоо шинэлэг уран бүтээл барьдаг билээ. Тэгвэл энэ сарын 28-нд”Жингийн цуваа” нэртэй ширэн цартай морин хуурын тоглолтыг өргөн барихаар болжээ. Монголын хувьд ширэн цартай морин хуурь сувенирын хэмжээнд очсон байсныг дахин сэргээж байгаа юм. Морин хуурын чуулга бүх хуурчиддаа зориулж ширэн цартай морин хуурийг урлуулж тоглолт хийхээр болжээ.

Т.Буянаа