“ГОВЬ ХАНГАЙ” мебель иргэдийг хууль бусаар шулж байна
2016/01/21
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг өнгөрсөн 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлснээр цахим хэлбэрт шилжээд байгаа юм. Ингэснээр иргэн бүр татварын байцаагчийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Тийм л учраас гадны орны энэ туршлагыг нутагшуулж, иргэдэд худалдан авалтын дүнгийн тодорхой хувийг өгөхийн зэрэгцээ өндөр сантай сугалааг хүртэл зохион байгуулж буй. Үүнд аж, ахуй нэгж ч хамаатай. Тэр ч бүү хэл худалдаалсан барааныхаа 20 хувийг оны сүүлээр эргүүлэн авах боломжтой. Гэтэл олон компани одоог хүртэл хууль зөрчиж, иргэдэд сугалаат тасалбар олгохгүй байгаа юм. Мөн үүний зэрэгцээ худалдаалж буй барааны үндсэн үнэ дээр 10 хувийг хууль бусаар нэмж борлуулсан нь аж ахуй нэгжүүд цөөнгүй. Тэдний нэг нь "ГОВЬ ХАНГАЙ” мебель, тавилгын дэлгүүр юм. тус дэлгүүр борлуулж буй бараан дээрээ хоёр өөр үнийн дүн тавьсан нь бий. Ор болдог буйдангаар жишээ авахад Үнийн дүнг эхлээд 950 мянган төгрөгөөр танилцуулна. Харин худалтан авалт хийх явцад НӨАТ гээд үнийн дүнгийн 10 хувь буюу 95 мянган төгрөгийг нэмж, буйгаа эелдэгээр дуулгаж, иргэдийг мөлжиж байна.
Үүнээс гадна ор, шкаф, толь сандлын иж бүрдэл энэ дэлгүүрт 2.690.0 төгрөгийн үндсэн үнэтэй. Харин НӨАТ-тай үнэ нь 2.959.9 төгрөг болсон байна. Тухайн иж бүрдлийг худалдан авсан иргэн 269 мянган төгрөгийг хууль бусаар дээрэмчинд алдаж байгаа юм. Гэвч бид энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ганцхан сав ус авахад НӨАТ шингэсэн үнээр худалдан авдаг байсан. Өөр бүх зүйлийг ч мөн энэ л журмаар авдаг байв. Гэтэл хууль хэрэгжиж, сугалааны кодтой баримтыг иргэд шаардаж эхэлсээр далимдуулан тус дэлгүүр ганц буйдан борлуулахад 100 мянган төгрөгийг нь хууль бусаар олж байгаа юм. Зөвхөн энэ байдлаас харахад өмнөх жилүүдэд тус байгууллага улсад төлөх ёстой татвараас ихээхэн зайлсхийдэг байсан нь харагдаж байна. Хэрэв үнэнчээр татвар төлдөг байсан бол хууль зөрчин байж, иргэдийг ингэж санхүүгээр нь мөлжихгүй байсан нь тодорхой. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр "Хуулийнхаа хүрээнд шударга зарчмаар ажиллахгүй хэрэглэгчдэд дарамт учруулж байна. Эдийн засгийн хямралтай, төрийн болон төрийн бус байгууллагын төсөв танагдсан, ажилчдынхаа цалинг цаг тухайд нь өгөхгүй байгаа энэ үед үнийг нэмж байгаа нь маш том дарамт.
Сүүлийн зургаан сарын хугацаанд ажилгүйдэл их болж, үнийн хөөрөгдөл бий болж байна. Манай байцаагчид энэ асуудлаар гомдол ирүүлбэл шалгалт хийхэд бэлэн байна” хэмээсэн. Мөн тэрбээр "Ямар нэгэн улсаас бараа бүтээгдэхүүн импортолсон тохиолдолд гааль дээр НӨАТ төлдөг. Дотоодод ч мөн ялгаагүй. Талх худалдаж аваад дэлгүүртээ зарж байгаа бол мөн л адил тухайн талхыг үйлдвэрлэж буй газар НӨАТ төлчихсөн байгаа. Гэтэл хууль хэрэгжээд НӨАТ-ын баримт авч байгаагийнх нь төлөө иргэдийг хууль бусаар шулсан үйлдэл” хэмээсэн юм.
Д.Булган
tonshuul.mn