Жүжигчин Н.Ялалтын ур чадварыг үзэгчид төдийгүй мэргэжлийн хүмүүс сайн  үнэлдэг.  Түүний бүтээсэн дүр бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг учраас ийн үнэлдэг биз.

СУИС-ийн жүжигчиний ангийг төгссөн тэрбээр уран бүтээлийн гараагаа МҮОНТВ-ээс эхэлсэн түүхтэй. Орчуулгын кинонд дуу оруулагч жүжигчинээр ажиллаж багагүй туршлага хуримтлуулжээ.

Бид түүнийг “Шинэ байр-2” телевизийн реалити шоуны хөтлөгч “Агаа” гэдгээр нь дууддаг байсан бол До.Цэнджавын “Чонын алтан шагай” кинонд тоглосных нь дараа Бясаа  хэмээн нэрлэх болсон. Тэрбээр голчлон хэрцгий, дайчин дүрд тоглодог  төдийгүй хэд хэдэн кинонд үхэж төгсдөг дүр бүтээсэн.

Өөрт оногдсон дүр бүрээ чадлынхаа хэмжээнд бүтээхийг зорьдог жүжигчин маань шүлэг бичих сонирхолтой гэнэ. Өөрийн үзэл бодлоо цааснаа буулгаад үлдээчихвэл дараа уншихад дурсамжтай хэмээн боддог. Энэ ч үүднээсээ хэд хэдэн шүлэг бичжээ. Гэхдээ тэр бүр олонд уншуулж, үзүүлээд байдаггүй гэнэ.  Түүнчлэн оюутан байхаасаа өгүүллэг уншиж “Утгын чимэг” наадмын тэрүүн шагнал хүртэж байсан удаатай. 

Б.Хорлоо