Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэвлэлийнхэнд “Жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газар олгоход бэлэн болоод байна. УИХ-аас Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуульд хийх өөрчлөлтийг батлагдахыг л хүлээж байна” гэх утгатай үг унагасан нь олон хүнд хууль л батлагдвал жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл авах боломжтой болох юм байна гэх бодлыг төрүүлж орхисон нь нууц биш. 10-аад жилийн өмнө л жилийн 16-20 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамрагдсан иргэд өөрийн гэсэн орох оронтой боллоо хэмээн баярлахдаа зээлийн хүүгийн өндрийг төдийлэн анзаардаггүй байсан бол өнөөдөр 8-+1 хувийн хүүтэй зээлээ өндөр хүүтэй байна гэж гомдоллож эхлэв.

Ингээд иргэд УИХ-аас Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хууль батлагдахыг чих тавин хүлээсээр мягмар гарагт батлагдангуут лхагва гарагт банк руу гүйсэн нь олон. Гэвч З.Баянсэлэнгэ сайдын ярьсанчлан жилийн 5 хувийн хүүтэй зээлийг хууль батлагдсаны маргаашаас олгоогүй. Банкууд 8-+1 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгох боломж бүрдлээ гэдгээ хэлсэн ч одоогоор шууд зээл гаргачихаагүй л байна.

УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаагийн ярилцлагаас таван хувийн хүүтэй ипотекийн зээл ирэх хавраас л эзэндээ хүрч, энэ ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төдийгүй дор хаяж 3-4 сар зарцуулна гэж ойлголоо. Мөн тэрээр Монголбанк, Засгийн газрын зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаа хараад алсын үр дүнг тооцож, таван хувийн хүүтэй ипотекийн зээл гаргахаар шийдсэн. Энэ бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Дагалдсан бусад бизнесийг хөгжүүлэхийн тулд таван хувийн хүүтэй зээлийг олгох нь зүйтэй гэсэн асуудал сөхсөн. Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын хуульд гэхэд ирээдүйд үүсэх тэтгэврийн өв сангийн асуудлыг оруулж ирж байгаа. Энэ санд хуримтлал үүснэ. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн буцаан төлж буй мөнгөнөөс санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн гэв.

Хүсэл, хүлээлт, горьдлого

Өнөөдөр нийслэл хотод 352 мянган өрх өөрийн гэсэн голомтоо бадраан амьдарч байна гэсэн тооцоо бий. Үүнээс 148 мянга нь орон сууцанд , үлдсэн 204 мянга нь гэр хороололд түлээ нүүрс, утаа униартайхан амьдарч байна. Тэд бүгд орон сууцанд орох хүсэлтэй юу гэвэл тийм. Гэхдээ 204 мянган өрхийг хэрэгцээг нэг л өдөрт хангачих боломж байхгүй. Өнгөрсөн жилд хэдий хямралтай байсан ч барилгынхан 24350 орон сууц ашиглалтад хүлээлгэж өгчээ. Энэ жил хотод 18900, хөдөөд 7100 орон сууц ашиглалтад орох төлөвтэй гэсэн тооцоо хийсэн байгаа юм. Гэвч яг үнэндээ энэ орон сууцыг худалдаад авчих чадалтай нь хэд билээ. Хэрвээ эдгээр тоо баримтыг нягтлан шалгаад үзвэл орон сууцанд эцэг эхтэйгээ амьдарч байсан өрх л шинээр орон сууц авах нь илүү олон байдаг. Өөрөөр хэлбэл, гэр хороололд амьдарч байгаа 204 мянган өрхийн тоо төдийлэн буурдаггүй. Учир нь, тэдэнд байранд орох хүсэл байвч урьдчилгаа болгоод тоолоод өгөх мөнгө, зээлийн болзолд нийцэх цалин пүнлүүтэй нь цөөхөн.
Тиймээс зээлийн урьд­чил­­гаа хийгээд хүү буурахыг бас гэр хороолол нь да­хин төлөвлөлтийн бүст оро­хыг хүлээсээр суудаг. Мэргэж­лийнхний хийсэн тооцоогоор өнөөдөр Улаанбаатарт байр авах боломжтой 63 мянган өрх байгаа гэнэ. Бага тоо биш. Гэхдээ тэд шууд л зээлийн болзол шаардлага хангачих чадалтангууд биш. Үнэндээ горьдлого багийнхан. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 10 эсвэл 20 хувьтай, тогтмол цалинтай ч авдаг нь бага нөхдүүд. Үнэндээ ипотекийн 8 хувийн хүүтэй зээл эхэлснээс хойш 76600 өрх нийт 3,4 их наяд төгрөгийн зээл авсан гэдэг тооцоог банк санхүүгийнхэн хийсэн байдаг. Төсвийн орлогын 50 хувь гэж болно. Гэхдээ эргэн төлөлтийг харвал 99 хувьтай байдаг нь үнэхээр гайхалтай өндөр үзүүлэлт. Эдгээр 76 мянган өрх бол үнэндээ зээлийн шаардлага хангасан урьдчилгаагаа 30 хувь төлчих чадалтай нөхдүүд байв. Харин өнөөдөр яг үнэндээ зах зээл дээр чадалтайгаасаа илүү горьдлогынхон байгаа гэдгийг манай төр засаг ч, барилгынхан ч сайн ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс л төрөөс уян хатан бодлого, барилгынхнаас хямд үнэ, чанартай барилга хүсээд байгаа юм.

5 хувийн хүүтэй зээл бүтнэ...

УИХ-ын дарга З.Энхболд болоод Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ үгийг ёстой толгой дохин батлаад байгаа юм. Тэгэхээр ямар ч байсан бүтэх нь бүтэх байх. Гэхдээ З.Баянсэлэнгэ сайдын хэлсэнчлэн өнөөдөр маргааш биш гэдэг нь тодорхой. Учир нь таван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр санхүүжилтийн талаар энгийн иргэд байтугай мэргэжлийнхэн ч эргэлзээтэй байгаа юм. Улс орны эдийн засаг сайнгүй, санхүүгийн сектор эргэлзээтэй байгаа энэ үед таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь оновчтой шийдэл мөн гэж үү гэх нэгэн байхад Монголбанкны хувьд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж 2016 онд 2,5 их наяд төгрөг босгоно мөн ирээдүйн тэтгэврийн сангаас санхүүжүүлнэ гэх зэргээр өөдрөг төсөөлөл өмнөөс нь барьж байгаа.

Энэ бүхнээс ямар ч байсан сонгуулийн өмнө жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой бололтой. Учир нь энэ бол эрх барьж байгаа Засгийн газрын толгой мэдэх шийдвэр.
Харин бизнесийнхний хувьд улс төр бизнес хоё­рыг аль болох ангид байл­гаж, хуулийн орчинг маш боловсронгуй болгоход бүхий л анхаарлаа хандуулъя гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа бололтой. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Лхагважав “Асуудлыг банкныхан, үл хөдлөхийнхөн, даатгал, хуу­лийн­­хан гэж цогцоор нь ярьж, эрхзүй нь одоо ямар байгаа, яаж өөрчлөх тухай хөндөх цаг болж. Цэц, УИХ хоёр тийш, банк, барилгынхан мөн хоёр тийш гэдийх биш, хэн хэнийгээ бодсон, иргэдийг хохироохгүйгээр хамтран ажиллах гэрээний загвар гаргаж харилцан гэрээ байгуулцгаая. Энд даатгалынхныг оруулъя. Даатгагдсан гэрээ гэдэг яг ийм тулчихаад байгаа эрсдэл бүхий асуудалд чухал үүрэг, нөлөөтэй байдаг. Мөн санхүүжилтийн сувгуудыг олъё. Ингэж байж л хүндрэлээс гарч цааш явах гарц байна” гэв.

Ямар ч байсан орон сууц гэдэг зүйл нь эрхзүйн зохицуулалт шаардаж, төр засаг, ард иргэд, барилга, банк гээд түмэн хүнийг холбож байдаг улстөр, эдийн засгийн чухал хөдөлгүүр гэдгийг хаа хаанаа мэддэг л болж. Гэвч +- хүүтэй зээл шигээ +- дагуулсаар ипотекийн гэх асуултууд ар араасаа хариулт нэхэн хөвөрсөөр байна.
Эх сурвалж: www.assa.mn