Энэ долоо хоногт улс төрд Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай тулгарлаа. Ч.Сайханбилэгийг огцруулах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа.

Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал.

Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга.

Засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй.

Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Нийгэмд олон сайнтай, муутай үйл явдал өрнөв. Эцэг, эхчүүлийн хамгийн их хүлээж байсан шийдвэрийг өчигдөр БСШУЯ-наас гаргалаа. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэлийн ЕБС-иудын бага ангийн /I-V анги/ сурагчдын амралтыг сунгав. Ийнхүү бага ангийн сурагчдын хичээл ирэх хоёрдугаар сарын 02-нд орохоор болсон юм.

Харин ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй, нэгдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хичээл нь орно. БСШУ-ны сайдын 2015 оны А/02 тоот тушаалаар нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид өвөл 4-5 долоо хоног амардаг болсон юм.

Хөдөө, орон нутгийн сурагчдын хувьд Бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног,
Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 25 хүртэл хоёр долоо хоног,
Ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 18 хүртэл нэг долоо хоног амрах хуваарьтай байгаа.

Эдийн засагт ойрын үед үнэ буулаа хэмээх мэдээ дуулдаагүй. Тэгвэл Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд шатахууны үнэ доод тал нь 150 төгрөгөөр буух боломжтой хэмээн мэдэгдэл хийсэн. Түүний хэлсэнчлэн зарим шатахуун түгээх компаниуд эхнээсээ үнээ бууруулж эхэлсэн байна. Тухайлбал, "М.Oil" групп 100-150₮-өөр бууруулсан гэдгээ энэ сарын 22-нд мэдэгдэв.

 

"Хуванцар сав" хэрэглэхийг хориглов

Бид юу бол юуг ч хийж чаддаг эрин үед амьдарч буй. Өдөр тутамдаа хуванцар сав, гялгар уутыг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах тоолонд хэрэглэдэг. Энэ нь ч хүмүүсийн хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон гэхэд болно. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодолыг ч эдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2014 оноос хуванцар сав хэрэглэхгүй байхыг анхааруулж байсан. Харин сүүлийн жилүүдэд эрчимтэй зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээс хасахыг уриалж байсан ч тоймтой албан ёсны тушаал гараагүй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр "Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргажээ.

Уг тогтоолын хүрээнд:

Энэ ажлын хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байгаа эсэхэд тандалд судалгаа хийж эхэлсэн байна.

Спортын онцлох үйл явдал Идэрчүүдийн футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй клүбүүд энэ сарын 21-нд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийсэн юм. Хоёрдугаар сарын 13-нд эхлэх шигшээ тэмцээнд орох эрхийг одоогоор дөрвөн баг авсан юм. Өөрөөр хэлбэл “B” хэсгийн “Эрчим” клүб хоёр тоглолтоос бүтэн зургаан оноогоо авав. Тэд эхний тоглолтоо "ДМЮ" багийн эсрэг хийн 4-3 харьцаатай хожсон бол энэ сарын 21-нд болсон тоглолтоос Хан-Уул дүүргийн багийг 3-1ээр хожсон юм. Уг тоглолтоор Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” өнөөдрийн тоглолтонд “ФС Сумида” клүбийг 21-3 харьцаатай хожсон. Тус тоглолтонд “ДМЮ” клүбийн 11 дугаартай Т.Анхбаяр 11 гоолыг оруулж шилдэг тоглолтыг үзүүллээ. Мөн багийн 20 дугаартай Б.Чойжилсүрэн 5 гоолыг оруулсан.

Харин тэмцээний “С” хэсгээс “Хоромхон”, “Арвис” багууд хоёр хожилтой хэсгээ манлайлан цааш шалгарах боломжтой боллоо. Багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хоорондоо хийх бол энэ хэсгээс “Улаанбаатарын Унаганууд” мөн “Шинэ Налайхын” багууд хасагдав. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлж байсан “Дэрэн” “Эрхэс” багийг ялсанаар шигшээ тэмцээнд оролцох боломжтой боллоо. Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт “Монголын тэмүүлэл” ба “Алтан бөмбөг” багуудын тоглолтоор үргэлжиллээ. “Алтан бөмбөг” эхний тоглолтонд “Эрхэс”-тэй тэнцээд байсан бол “Монголын тэмүүлэл” , “Дэрэн”-д ялагдаад байсан билээ. Ингээд тоглолтын эхнээс санаачлагатай байсан "Монголын тэмүүлэл" 11-3 харьцаатай хожиж 4 оноотой болсон юм.