Өнгөрсөн онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 42 гарсан нь өнгөрсөн оноос есөн хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Хамгийн аюултай нь газны хяналтгүй хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийг мансууралд хөтөлж байгаа юм. Саяхан хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид ангидаа газ үнэрлэн нэг нь хордлого болж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан. Тэд яагаад мансуураад байна, газны химийн найрлагад ямар бодис байдгаас хүний амь насанд аюул учруулдаг талаар ямар ч ойлголтгүй байдаг. Томчууд бид нар ч бас энэ талаар мэддэггүй гэхэд болно.

Газны химийн найрлагад ямар бодис багтдагийг мэргэжлийн хүмүүсээс бусад нь анзаардаггүй байх. Тэгвэл шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг байна. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн / C3Н8-C4Н10/ пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг нөлөөтэй. Тиймээс газ үнэрлэсэн үед сэтгэл хөөрч нойрмог байдалтай болгодог учраас хүүхэд донтох шалтгаан болдог. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдож үхэлд хүргэх аюултай.

Газанд агуулагдаж байгаа хорт бодисуудыг ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, түлэх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг аж. Үхэлд хүргэх аюултай хортой зүйлээр хүүхдүүдээ тоглуулж байгаагаа анхаарах цаг болжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг анхаарч газын хэрэглээндээ хяналт тавих хэрэгтэй.

Уг нь НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно гэсэн заалт бий. Гэвч энэ заалт цаасан дээр хараар бичигдээд үлдсэн бололтой. Иймээс ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө дэлгүүрүүд 21 нас хүрээгүй хүнд газ худалдахгүй бол хүн нэгний аминд хүрэхгүй гэдгийг анхааруулан хэлмээр байна.

Т.Буянаа