Иргэдийг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхтэй сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

Тодруулбал, мөнгө гуйсан, бохь, чихэр зарж яваа хүүхдүүдэд болон бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдэд гар утас, түрийвч зэргээ алдах тохиолдол ихсэх болжээ.

Тэдгээр этгээдүүд нь ганц нэгээрээ явдаггүй бөгөөд бүлэг болон зохион байгуулалтад орж, нэг хэсэг нь иргэдийн анхаарлыг сарниулж, нөгөө нэг нь хулгай хийдэг байна. Харин энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдүүд цөөнгүй холбогдож байгаа нь тун харамсалтай.

Энэ сарын 27-ны өдөр Драмын театрын хажуу талын "KFC” түргэн хоолны газар болон "Хан-Уул” зоогийн газраар үйлчлүүлж байсан иргэд гар утсаа алдсан тухай мэдээллийг цагдаа нар шалгаж, хэргийг шуурхай илрүүлсэн байна. "KFC” түргэн хоолны газрын үйлчлүүлэгчийн “Samsung Note” гар утсыг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хооронд суух хаягтай 13 настай, эрэгтэй Э бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ.

Харин "Хан-Уул" зоогийн газарт алдагдсан “Samsung Note” гар утсыг 24 настай, эрэгтэй Ж бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлсэн байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг үйлчилгээний газруудад орохдоо гар утас болон бусад үнэт зүйлсээ ил тавихгүй байх, халаас, цүнх зэргээ анхаарал болгоомжтой авч явахыг анхаарууллаа.