Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүллээ. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялан финалд шалгараад байсан юм.

Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялан финалд хүрсэн.

П.Орхон финалд дайчин барилдааныг үзүүлж, Японы алдарт бөхийг буулган авснаар И.Ярыгиний Гранприд түрүүллээ.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

П.Орхоны багш "Алдар" спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм.

Алдарт Каори Ичогийн 158 (172 гэсэн статистик Дэлхийн бөхийн холбооноос гаргасан) дараалсан ялалтын цувралыг Монголын П.Орхон зогсоолоо.