МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор эрс шийдсэн бололтой. Түүний энэхүү шийдвэр нь тодорхой эрсдэл, зарим золиосыг шаардаж мэдэх нь. Юу гэвэл, Шадар сайд болохын тулд хийсэн тохиролцоо нь МАХН болоод “Шударга ёс” эвслийн дотоодод зөрчил бий болгоод байна.

Н.Энхбаярын хичээл зүтгэл, оролцооны үр дүнд Засгийн газар огцролгүй тэсч үлдсэн гэхэд болно. Тэрээр Ч.Сайханбилэгийг огцруулах саналаа татаж авахыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Цог нарт шахалт үзүүлэх байдлаар шууд тулгасан гэх мэдээлэл бий. Үүнд илэрхий дургүйцсэн тэд “Шударга ёс” эвслээс гарч, УИХ дахь бүлгээ задлах санаа сэдэж буй нь тодорхой болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ч даргадаа сэтгэл дундуур хандах болсон нь Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаанд санал өгөлгүй, картаа сугалан гарч одсоноор ил болсон. Тэд Н.Энхбаяр Шадар сайд болохын тулд хэт дураараа авирлаж, шахалт үзүүлж, зөвхөн өөрийн эрх ашиг, улс төрийн хонжоо гаргахын төлөө ажиллаж байгаад дотроо бухимдаж, шаардлагатай бол “Шударга ёс” эвслээс гарахад ч бэлэн болсон аж.

 

Н.Энхбаяр “Шударга ёс” эвслийн үнээр Шадар сайд болох эсэх нь удахгүй шийдэгдэнэ. Хуулиараа УИХ-ын намрын чуулган энэ сарын 5-нд завсарлах учиртай. Гэвч үүнээс өмнө Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлж, Шадар сайд Ц.Оюунбаатарыг өөрчлөн томилж амжихгүй. Энэ тохиолдолд УИХ ээлжит бус чуулган зарлах болов уу. Гэхдээ зөвхөн Н.Энхбаярын томилгоог хийхийн тулд ээлжит бус чуулган зарлах нь нийгэмд таатай харагдахгүй тул намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа нөхөж хэлэлцэнэ гэсэн шалтаг гаргаж таарна. Засаг огцрохгүй болсноор Н.Энхбаярын Шадар сайд болох тохиролцоо хэрэгжих нь эргэлзээгүй болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын ил захидал бичигдсэн гэж хардах нэгэн ч байгаа юм.

 

Д.ДАМДИНЖАВ

Эх сурвалж: Ардын эрх