Осорын Даваасүрэн

Авлига авсан гэх хэрэгт холбогдоод буй Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт О.Даваасүрэн гэх хүнээс мөнгө авсан бөгөөд Н.Энхбаяр даргын шахалт байсан гэж мэдэгдэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар уг мөнгөний асуудал нь “Цахим” тендэртэй холбоотой аж. Тодруулбал 2014 оноос “Цахим эрүүл мэнд төсөл” хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь нийт 19.5 сая ам.долларын өртөгтэй үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ гэж УИХ-д танилцуулж байсан түүх бий.

Өөрөөр хэлбэл цахим-эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд 2.85 сая ам.доллар, клиникийн мэдээлэл цуглуулах, ашиглах, солилцох өнөөгийн нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргахад 16.06 сая ам.доллар, Эрүүл мэндийн мэдээллийн Үндэсний төвийг бэхжүүлэхэд 2.44 сая ам.доллар, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлэхэд 1.2 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргасан аж.

Дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн нэг буюу 2.85 сая ам.долларын санхүүжилттэй цахим-эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “HUAWEY” компани хамтран ажиллахаар болжээ.

Монголын талаас материалаа ирүүлсэн дөрвөн компанийн нэгийг шалгаруулна гэж байтал огт нэр нь сонсогдоогүй “Метро Нетворк” гэдэг компанийг гэнэт шалгаруулсан байна. Уг компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд анх Дархан хотод эмнэлгийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан юм билээ. Тиймдээ ч Г.Шийлэгдамбатай хамт уг компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулга гэх залуу шалгагдаж байгаа аж.

Сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө “Цахим эрүүл мэнд” төслийн үр дүнд сонгогдсон эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг холбогдох талуудад нээлттэй болгож, дарааагийн шатны эмчилгээ тусламжийг цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлж, улмаар эмч өвчтний эмчилгээний талаарх бүрэн мэдээллийг шуурхай авч зохих эмчилгээ үйлчилгээг хурдан, чанартай үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн ярьж байсан юм.

Гэхдээ энэхүү “цахим” гэх төсөл олон жил дамнан яригдаж байгаа бөгөөд Н.Удвал сайд хүртэл ярьсаар, мэдээлсээр байсан.

Ямартай ч цахим эрүүл мэнд төслийн хүрээнд програм хагамжийн ажлыг хийхээр тендэр авах гэсэн этгээд Г.Шийлэгдамба сайдад их хэмжээний бэлэн мөнгө өгч байгаад ийнхүү баригдсан аж. Гэхдээ Н.Энхбаяр даргын шахалтаар О.Даваасүрэн гэж би мөнгө авсан гэж Г.Шийлэгдамба мэдэгдээд буй билээ.

Оросын Даваасүрэн

Тэгвэл УИХ-ын гишүүн Улааны эхнэрийн дүү Оросын Даваасүрэнг байх хэмээн хэвлэлээр хардаж байгаа юм. Учир нь Эрүүл мэндийн яамны тендерийг ногоон гэрлээр авдаг компани нь Улаан сайдын хадмууд болоод эхнэрийнх нь компани юм билээ. Харин О.Даваасүрэн болохоор уг мэдээллийг няцааж, “би” биш хэмээн мэдэгдээд байна.

Гэхдээ мөнгө хүлээлгэж өгсөн О.Даваасүрэн нь Оросын биш Осорын Даваасүрэн гэх Н.Энхбаяр даргатай нас чацуу Г.Шийлэгдамбын хуурай гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ мөнгийг дамжуулж өгсөн хүн нь тэр болохоос биш жинхэнэ авлига өгсөн эзэн биш бололтой юм. Тодруулбал намын сонгуулийн мөнгө босгохын тулд Г.Шийлэгдамба авилгын загалмайлсан эцэг Н.Энхбаярын шахалт шаардлага, заавар зөвлөгөөгөөр Хятад компаний эзнээс ихээхэн мөнгөний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа ажээ.

Үргэлжлэл бий...

Н.Ганаа