Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд илгээсэн дуулиант захидлаас үүдэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин боргоож эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.Ирэх 7 хоногийн сүүлээр буюу чуулганы хаалттай зэрэгцэн АТГ-аас түүнийг саатуулж магадгүй гэх ч мэдээлэл бидэнд ирлээ.

 

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хандан ил захидал бичиж, түүндээ “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Н.Энхбаярт, МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон боловч тэр өдөртөө АТГ-ынханд баривчлагдсан юм. Уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан, ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэсэн билээ. Мөн өчигдөр тэрбээр "Цензургүй" яриа нэвтрүүлэгт орж Н.Энхбаяр болон намын бусад нөхөд нь өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай үйлдэл хийж буйг илчлэн ярьсан. Энэ мэт үйл явдлаас үүдэн түүнийг Тахарын албанынхан хамгаалалтад авсан байна.

Дээрх захидалтай холбоотойгоор АТГ-ынхан нэгдүгээр сарын 29-нд МАХН-ын байранд үзлэг, нэгжлэг хийгээд, улмаар үдэш нь ерөнхий нягтлан бодогч Цэцэгээг дагуулан явжээ. Ерөнхий нягтлангаас нь нэлээд орой болтол тайлбар, гэрчийн мэдүүлэг авч байгаад явуулсан гэдгийг намынх нь болон хууль, хяналтын байгууллагын олон эх сурвалж баталж байгаа. Мөн тус намын ажилтнуудаас мөнгө, санхүүтэй холбоотой хэд, хэдэн асуулт тавьж, нарийн бичгийн дарга нарын өрөөг нэгжсэн гэж буй. Мөн тус намын нэр бүхий гурван албан тушаалтны өрөөг битүүжилсэн байна.

 

Энэ бүхнээс үзвэл АТГ-аас Н.Энхбаярыг дахин боргоож эхэлсэн нь тодорхой байна.

 

Учир нь Г.Шийлэгдамбын захидалд олон зуун сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой гэдгийг батлаад өгсөн баримтууд байна. Түүнийгээ баталж өөрөө өчигдөр ярилцлага өгсөн. Цаашилбал уг мөнгө нь авлига, хээл хахуулийн сэжүүртэй байна. Энэ тохиолдолд АТГ-аас түүнийг зүгээр суулгана гэж үү. Гэхдээ Г.Шийлэгдамба уг мөнгийг хахуульд бус намын санхүүжилт хэлбэрээр авсан гэж буй.

 

Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлах үед намынхаа санхүүжилтэд зориулж, удирдлагынхаа даалгавраар их хэмжээний хахууль авч байгаад баригдсан гэх яриа гарч байсан. Хэрэв тэр өөрөө захидал бичсэн нь үнэн бол дээрх яриаг баталж буй хэрэг. Г.Шийлэгдамбын ойрын хүрээллийн хүмүүсийн ярьж буйгаар тэрбээр дээрх захидлыг өөрөө бичсэн гэдэг нь батлагдаж байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл” телевизид өгсөн ярилцдагадаа "Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь бол сэтгэл санааны маш их дарамтад орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэсэн.

 

Мөн Г.Шийлэгдамба нь захидалдаа Эрүүл, мэнд спортын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргаагүй. Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд гарын үсэг зурсан. Тус бичгийнх нь утга агуулгыг нь ч сайн ойлгоогүй гэсэн байсан юм.

 

Г.Шийлэгдамбын захидал баасан гаригт олон нийтийн анхаарлыг татаж байхтай зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй 20 гаруй минут уулзсан байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг уулзалтаар Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэнд спортын сайдаар томилох асуудлыг ярилцсан гэдэг. Учир нь Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох тохироогоор Шийдлийн Засгийн газрыг авч үлдэх тохироо хийсэн гэх яриа бий. Тиймээс ч удахгүй Н.Энхбаярыг Шадар сайд болгох ажил удахгүй явагдах эхлэх нь.

 

Харин АТГ-аас шалгаж байгаа бол Шадар сайд болох асуудал хойшилж магадгүй юм. .


Ямартай ч Н.Энхбаярт барих олон янзын сюрприз удахгүй олон нийтэд ил болох нь. Тухайлбал,
О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар эвслийг задруулахаар удахгүй бүлгээсээ гарч мэдэхээр байна. Хэрвээ энэ гурав эвслээс гарвал “Шударга ёс” эвсэл задарч УИХ-д бүлэггүй болно. Ингэснээр завсарлага ч авч чадахгүй байдалд орох юм. Мөн Н.Энхбаяр М.Энхсайхан нарын салалт олны нүдэн дээр өрнөх нь.

 

Ямартай ч Н.Энхбаярын “хүүхдүүд” өр рүү нь эргэж өшиглөсөн өдрүүд сонирхолтойгоор үргэлжлэх нь.

Т.Хулан

http://www.24tsag.mn