Одоогоос 12 жилийн өмнө Манай улс ОХУ-д төлөх 11.3 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувь хөнгөлүүлж, үлдсэн 250 сая ам.долларыг нэг удаагийн шилжүүлгээр төлж 70 жилийн турш зээлсэн мөнгөө нэг мөр болгосон гэж байсан түүх бий.

Тодруулбал тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН бөгөөд Н.Энхбаяр нар их өр тэглэсэн хэмээн өөрсдийгөө тунхаглацгааж, Н.Энхбаярын нэр хүнд өссөн удаатай.

Гэтэл хэрэг бишдэж 2014 оны тавдугаар сарын үед ОХУ-ын зарим сайтуудаар Монгол Улс манайд 180 сая ам.долларын өртэй. Тэр нь “Монголросцветмет”-ийн хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах үед үүссэн өр хэмээн бичиж нэлээд шуугиан тарьсан. Тухайн үед сэтгүүлчид их өрийг тэглэсэн хэмээх шоудалтаар ОХУ-ын талд шилжүүлсэн 250 сая ам.доллар хаачив. Хэрэв өр тэглэсэн бол ОХУ яагаад ингэх болов гэх зэрэг олон асуудал гарч манайд ч хэвлэлээр бичигдэж байлаа.

Мөн 2011 онд 3.8 сая ам.долларыг ОХУ-ын өрөнд зарцуулна хэмээн төсөвт тусгасан байсан ч сонгуульд зарцуулаад алга болгосон гэх мэдээлэл байдаг.

Гэтэл одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболд нар мөн л нөгөөх хуучирсан аргаараа их өрийг тэглэсэн хэмээн ярьж, төрийн эрхийг авахаар санаархаж байна.
Уг нь энэ хоёр ЗХУ-ын үеэс тавьсан бүх өрийг тэглэж, үлдэгдэл 250 сая ам.долларыг шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байсныг ард түмэн мартаагүй л баймаар юм. Хэдэн удаа тэглэдэг, хэний ч мэдэхгүй бас мэдэх их өр вэ.

Тэгэхээр ОХУ-д тавьсан их өрийг тэд 2004 онд тэглэсэн үү, эсвэл сая тэглэв үү, бүр тэглээгүй юм уу гэдэг учир нь үл мэдэгдэх олон асуудал бий. Эсвэл нэг компанийн өрийг улс төрийн намууд зориуд пиар болгож, их өрийн нэг хэсэг гэх мэтээр улстөржүүлэв үү. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол хувь нийлүүлсэн компанийн монголын талын өрийн асуудал болохоос Монгол Улсын төлөх өртэй ямар ч хамаагүй аж.

Тодруулбал “Монголросцветмет"-ийн өрийг л цэгцлэх асуудалд В.Путин Ерөнхийлөгч гарын үсэг зурсан юм байна. Тухайн үеийн МАХН буюу Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс 2004 онд өрөө тэглэсэн үү. 2011 онд “Оросын өр төлнө” хэмээн төсөвт суулгасан мөнгөө хэрхэн зарцуулсан зэргийг уг нь тэд тайлбарлах хэрэгтэй байгаа юм.

Н.Ганаа