527-14543830485

Загасчин дэгээ хаяхдаа өгөөш хэрэглэдэг. Хөөрхий загас ходоод хоосон явахгүйн эрхэнд мөр дээр нь зүгээр л байж байгаа бэлэн хоолыг азны юм гэж хүртэж орхиод буруутаж эцэст нь амиа егүүтгүүлж төгсмүй.

Монголд ардчилал ялснаас хойшхи хорин хэдэн жилийн сүүлчийн хагасыг ажиглахад улс орны амьдралд дээрхитэй төстэй дүр төрх харагддаг юм. Өгөөш хаясан загасчин нь сонгуульд ялсан намууд, түүнийг нь үмхсэн загас нь сонгогчид бид өөрсдөө юм.

Өгөөш нь АН-ын нэг сая, МАХН-ын сая таван зуун мянга. Ардчиллаар замнаад олон жил болж буй улс орнуудад намууд хоорондоо ухаанаараа уралдаж, улс орноо дээш татаж, ард олноо амар тайван амьдруулахад хамгийн сайн хөтөлбөртэй нь сонгуульд ялж гарч ирдэг түгээмэл хэвшил байдаг бол манайд хэн илүү мөнгө тараана гэж амласан нь ялалт байгуулсан билээ. Энэ бол ард түмнээ шууд хахуульдсан адгийн муу, арчаагүй арга байжээ.

“Эх орны хишиг”, “Эрдэнэсийн сан” гэх мэт хичнээн сайхан нэр өгөөд ямар ч нэмэр байсангүй. Өнөөдөр улс орон юун эрдэнэсийн сан, тараах хишигтэй мантай гаднаас гуйлга түүлэг болж, алт баялгаа барьцаанд тавьж, гадныхны аманд өөрсдөө орж, өрөндөө дарагдан туйлдаж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх төдийгөөр өдөр хоногийг аргацааж явна. Төрийн хэргийг хахуульдаж авсан энэ явдал алсын хорлонтой, лай ланчиг дагуулсан булхай луйвар байсан нь жил ирэх тутам тодорсоор одоо хүн болгон ойлгох цаг нь нэгэнт болоод байна.

Тооцоо сайтай төлөвлөгөө хөтөлбөрөөр биш, том том мөнгө амлаж гарч ирсэн төрийн түшээд маань орон улс, олон түмнээ гэхээсээ илүү амин хувиа хичээсэн, адгаг шуналаа гүйцэлдүүлэх бодол нь хэтийдсэн нөхдүүд байжээ. Энэ нь өнөөгийн Монгол Улсын байгаа төрхөөс тодорхой харагдаж байна.

МА(Х)НАН татсан он жилүүдэд Н. Тогтох гишүүний толгойноос гарсан „Монголын хэвтээ тэнхлэгийн зам” хөтөлбөр л хэлтэй амтай ч хэрэгжсээр эдүгээ нийслэл маань хэдэн аймгуудтайгаа холбогдож дуусах гэж байгааг эс тооцвол монгол хүн бүрийн нүдэнд үзэгдэж, гарт тэмтрэгдэх улс орныг бүхэлд нь хамарсан бүтээн байгуулалт гарсангүй гэхэд хилсдэхээргүй байна. Оюу толгой, Таван толгой хоёрын ашгийг хүлээвэл “Үнэг бухын доодохыг харсаар турж үхэв” гэгч болох нь. Мөрөөрөө байсан улс маань “МЕГА” төсөлдөө өөрөө чирэгдээд, өрөнд дарагдаад, өтөнд баригдсан мал шиг боллоо.

Гаднаас авсан зээлээр техник технологийн хамгийн шинэ ололт дэвшлийг улс орныхоо үйлдвэр, аж ахуйд аль болохоор өргөн нэвтрүүлж, бүтээгдхүүний үйлдвэрлэл, чанарыг нэмэгдүүлж, гарсан ашгаасаа зээлийн өрөө барагдуулаад, өөр бусдад ямар ч дарамт үзүүлэхгүйгээр үйлдвэр, аж ахуй нь цэгцрээд хөлөө олоод явдаг байлтай.

Тэгвэл монголд энэ зээл зоиулалтын бус зүйлд тухайлбал эрх баригч намын шахалтаар хүмүүст бэлнээр тараагдаад, технологи шинэчлээгүй үйлдвэр нь тэр өрийг нь төлөх гэж давхар дарамтанд орж байгааг Таван Толгойн жишээн дээр харж болно. Улсын мэдэлд байгаа үйлдвэрүүд (Эрдэнэт, МИАТ, Төмөр зам г.м. ) байнга хэл ам дагуулаастай. Сэлбэг материал, түүхий эд, бензин шатахууныг 2 дахин түүнээс ч илүү үнээр шахна.

Хуучин актлагдсан техник, тоног төхөөрөмж шинэ мэт үнэтэй болох, энгийн төмөр үрэл ган бөмбөлөг болж үнэ нэмэгдэх зэрэг бол энгийн үзэгдэл. Улсын үйлдвэрийн заримыг нь (Эрдэнэт)барьцаанд тавьж гадаадын банкнаас хувь хүн зээл авах ч гэх шиг, өргөтгөл тендерийн нэрийн цаана их хэмжээний мөнгө алга болно, сүүлдээ бүр гадаадад хувьцааг нь зарах (төмөр зам) оролдлого гарч байх жишээтэй.

Үүнээс гадна муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр төрийн яамд, гааль, татвар, тусгай хяналтын албан байгууллагууд ажлаа мэдэхгүй, мулгуу хирнээ хүнд сурталтай, мөрөөрөө хэргээ бүтээх гэж яваа хүнд саад, дарамт үзүүлж, тамыг нь цайлгаж байж хахууль авч ажлыг нь бүтээдэг тусгай дугаартай гар утас барьсан “боловсон хувцасласан тэнэгүүд”ээр дүүрчихээд, улс орон урагшлан хөгжих бүх зам боомилогдчихоод байна.

Энэ бүхэн бол муу түшээдийн бүхний нүдний өмнө өөрийн биеэр гардан үйлдэж байгаа илэрхий нүгэл юм. Тэгвэл бас улсад хорлонтой далд нүгэл байна.

Үл бүтэх нөхдүүд Оюу толгой, Таван толгойгоос Монгол Улс хэдэн үеэрээ идээд барахгүй их мөнгө орж ирнэ гэж сурталчилгаа явуулсаар зарим нэг залхуу нөхөд юу ч хийж бүтээхгүйгээр улсаас халамж аваад амьдраад байж болох нь гэсэн ойлголттой болсон байна. Ажиллах, сурах ямар ч сонирхолгүй 200 000 орчим залуус байна гэсэн мэдээ үүнийг нотолж байгаа юм. Энэ бол өнөөгийн эрх баригчдын Монголд учруулж байгаа шууд бус хохирол юм.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай энэ уудам нутагт зуу зуун жилээр цаг улирал, бэлчээр нутгийн ая дагаж, эргэх дөрвөн цагт малаа маллаж амьжиргаагаа залгуулж ирсэн монгол хүний генэнд байдаг аливааг санаж сэдэхийн ухаан, даван туулахын хат, дасан зохицох овсгоо зэрэг сайн чанарууд үгүй болж байна гэсэн үг. Арсланг хар нялхаас нь амьтны хүрээлэнд бэлэн махаар тэжээсээр өсгөхөд, араатны хаан чанараа алдаад байгальд нь эргүүлж тавихад амьтан барьж амиа тэжээж чадахаа байдаг гэнэм.

Үүн лугаа нэгэн адил Монгол хүн “хоолны сав” төдий болж хувирч байгаа нь гашуун эмгэнэл.

Иргэдийн авч байгаа цалин орлого нь хөдөлмөрийн бүтээмжтэй шууд хамааралтай, өсвөл өсч, буурвал буурч байх эдийн засгийн зарчим байдаг. Мөнгө амласан сонгуулиудын үед сонгогчид нэг намын нэр дугуйлах минут хүрэхгүй ажлын төлөө саяыг, сая таван зууг авах болсон нь дээрхи зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг.

Монгол төгрөгийн ханш унаж, доллар 1300 төгрөг байснаа 2000 төгрөг даваад аажим аажмаар өссөөр байгаагийн эхлэл тэр үед баттай ноттойгоор тавигдсан. Өнөөдөр эрх баригчид энэ талаар ганц үг ган хийж дуугарахгүй, монгол банк буруутай, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан буруутай, олон улсын зах зээлд зэс, түүхий эдийн үнэ унасан буруутай, гадаадын хөрөнгө оруулалт багассан буруутай, эцэст нь Монголын үндсэн хууль буруутай гэж онош тогтоож байх шиг байна.

Гадаадын хөрөнгө оруулалт, нүүрс түүхий эдийн борлуулалт нааштай байсан он жилүүдэд хэтийн бодлогогүй хэдэн “тэнэгүүдээс” болж,улс орондоо санхүүгийн нөөц бүрдүүлж чадсангүй, импортийг багасагаж, экспортыг ихэсгэх дорвитой ажил хийгдэх нь бүү хэл суурь нь ч тавигдсангүй. Өнөөдөр бүх юм эргээд байрандаа ороход нөгөө маадгар байсан хүмүүс барьц алдаж, гаднын мөнгөөр амиа аварна гээд баруун солгойгүй гуйлга гуйж, улс орон өрөнд дарагдаад, хүн бүрд арван хоёр саяын өр ноогдоод байна.

Өөрөөр хэлбэл ангуучид бидэнд хоёр сая таванзуун мянгын өгөөш үмхүүлээд одоо арван хоёр саяын ачаа үүрүүлж биднийг “намнасан” байна.

Ухаант түмэн минь ирэх сонгуульд дахин битгий намнуулаарай гэж захья.

Т. Батмэнд