Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч нэгдүгээр сарыг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан. Энэ хүрээндээ залуучуудын “Өглөөний бүтээлч уулзалт” зохион байгуулж эхлэсэн бөгөөд анхны уулзалтанд Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэн судлаачидоролцсон юм.

Тэгвэл энэ удаад “Элгээ чөлөөлье” сарын хүрээнд Эрүүл мэндийн салбарын залуусыг “Өглөөний бүтээлч уулзалт”-нд урьж элэгний өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, “Элгээ чөлөөлье” сарын хүрээнд хийгдэх ажлын талаар санал солилцлоо.

Манай улсад жилд элэгний хорт хавдрын 1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр Монгол Улс дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Тиймээс уулзалтанд оролцсон залуус Өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм.

Элэгний өвчлөл үүсгэж буй гол шалтгаан нь буруу хооллолт болон архины хэтрүүлсэн хэрэглээ нь байдаг аж. Иймд удахгүй болох Сар шинийн өдрүүдэд өөх тос ихтэй хоол идэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахыг зөвлөлөө.