МҮАН-ыг эгнээндээ нэгтгэсэн тохиолдолд М.Энхсайхан, Г.Уянга нарыг элсүүлэхгүй гэжээ. Төрийн ордонд өчигдөр улс төрийн хоёр ч үйл явдал тохиов.

Эхнийх нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ИЗНН, МҮАН-ын удирдлагуудад Ардчилсан намд нэгдэх саналыг албан ёсоор буюу өөрийн биеэр гардуулав.

Сонирхолтой нь, МҮАН-д хүргүүлсэн саналыг М.Энхсайхан бус “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг өрөөндөө хүлээн авсан юм. Харин ИЗНН-ыг АН-д нэгтгэх саналыг намын дарга С.Оюунд хүргүүлсний дараа хоёр талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хуралдсан юм. Ажлын хэсэгг АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нар багтжээ. Р.Амаржаргал гишүүн Ажлын хэсгийг ахлах бол А.Гансүх нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон байна. Харин ИЗНН-ын Ажлын хэсгийг С.Оюун гишүүн ахалж, намын дарга Ц.Ганхуяг, генсек Б.Хүдэр-Ян, Р.Булгамаа, М.Хүрэлсүх, М.Энхтайван, Ч.Базар нар багтсан байна.

ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх эсэхийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан ч энэ асуудлыг намынхаа Гүйцэтгэх товчоо, Их хурлаараа эцэслэхийг удирдлагууд нь онцолж байна. Харин МҮАН-ынхан энэ асуудлаар Ажлын хэсэг хараахан байгуулаагүй байна. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсынсайд М.Энхсайхан нарын хоорондох үл ойлголцолтой холбон тайлбарлах хүн олон байв. Гэхдээ АН-аас тасарч гарсан МҮАН-ынхан буцан нэгдэх эсэх нь З.Энхболд, М.Энхсайхан нарын харилцаа хэрхэхээс хамаарахаар болж байна. Гэхдээ АН-ынхан нэгэн болзол тавьж байгаа сураггай. Тэр нь МҮАН-ыг эгнээндээ нэгтгэсэн тохиолдолд М.Энхсайхан, Г.Уянга нарыг элсүүлэхгүй гэжээ. Үүнийгээ ч бататгаж намын даргад нь бус Бүлгийн дарга Н.Батцэрэгт албан ёсны саналаа тавьсан байж болох юм.Ийнхүү Их хурлын дарга З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр хөндөгдсөн яриагаа албан ёсоор баталгаажуулж ИЗНН, МҮАН-ын удирдлагуудгай уулзсан бол Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд МАХН-ынхан хөл хөдөлгөөнтэй өнжлөө.

Удаахь улс төрийн үйл явдал нь энэ. Намын дарга Н.Энхбаяр,түүний хүү Э.Батшугар, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, бүр ШӨХТГ-ын шинэхэн дарга Д.Мөнхтөр хүртэл ирсэн байсан нь үүний бэлээхэн жишээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагахгүй байх тохиролцоо хийж, АН-тай товчлуураа нэгтгэсэн ч түүний нэрийг УИХ-д өргөн бариагүй л байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ МАХН-ын даргын шахалтаар намын санхүүжилт босгож байгаад хуулийнханд саатуулагдсанаа дурдсан. Түүнчлэн АТГ-ынханд саатуулагдахаас нэг хоногийн өмнө 50 мянган ам.долларыг Н.Энхбаярт өөрийн биеэр хүргэж өгсөн тухай захиа бичсэн нь улстөр гэхээсээ МАХН-ыг хөдөлгөөнд оруулах шалтгаан болоод байгаа юм. Энэ бүх шалтгаанаас үүдэж МАХН-ын дарга тэргүүтэй хүмүүс Шадар сайдынхаа өрөөнд цугларч цаашид хэрхэх тухай ярилцсан бололтой. Н.Энхбаярын тухайд саяхныг хүртэл АН-ын даргын тулах цэгээр нь тодорч байв. Харин намын ерөнхий нарийн бичгийн дарга асны захианаас үүдсэн үү, эс бөгөөс цаагуураа бат тохиролцоо хийсэн үү, ямар ч байсан Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй яваа АН-ынхан ИЗНН, МҮАН-ын нэгтгэх их тохиролцоогоо ийн эхлүүллээ.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/