Могойг гурав хуваавал гүрвэлийн дайтай гэдэгтэй адил Ардчилсан намыг хэд хэд хуваавал том, жижиг намын дайтай нэлээд фракц гарч ирнэ. Тэдгээрийг нэрлэвэл “Шонхор”, “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Нэг ардчилал”, “Хөх тэнгэр”, “Чандмань”, “Соёмбо”, гээд хөврөнө. Сүүлд “Монголын ардчилсан нэгдэл” хэмээх фракц нэмэгдсэн сураг дуулдаж байсан.

 

Үүнээс гадна Ардчилсан намаас ИЗНН, МҮАН-д өөрийн намд нэгдэх саналыг энэ сарын 2-нд тавьсан юм. Сар шинийн баярын өмнө Ардчилсан нам болон Иргэний Зориг ногоон намын удирдлагууд Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д санамж бичиг байгуулсан. Ийн ИЗНН, АН-тай нэгдэх ажлаа эхлүүлсэн билээ. Үүнээс хэд хоногийн дараа энэ сарын 6-нд МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Уг хурлаар Нэгдүгээрт, МҮАН нь МАХН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон. УИХ-д улс төрийн аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах нөхцөл бүрэлдээгүй энэ эрх зүйн нөхцөлд “Шударга ёс эвсэл” Засгийн газрыг байгуулах, түүний тогтвортой байдлыг хангахад том үүрэгтэй явж ирсэн бөгөөд энэ бодлогоо дараагийн сонгууль болтол МҮАН үргэлжлүүлнэ. Харин МҮАН нь 2016 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, Ардчилсан Намын дарга З. Энхболдоос Монгол Үндэсний Ардчилсан Намд хандаж ирүүлсэн саналыг хэлэлцээд Удирдах Зөвлөл “Монгол Үндэсний Ардчилсан Нам нь Монгол улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож Ардчилсан Нам болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлсэн талаар тус намын хэвлэл, мэдээллийн алба мэдээлсэн.

 

Хэрвээ МҮАН АН-тай нэгдвэл УИХ-д суудалтай хоёр жижиг нам АН-ын “далбаа”-н доор орсон ч аль нэг фракцын “өвөр”-т орох нь юу л бол. Ямартай ч АН-д хоёр хүчирхэгжүү фракц нэмэгдэх бололтой. Нэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН-д фракцуудын дайн хамгийн хүчтэй өрнөдөг. Сүүлийн том жишээ л гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бусад намын нөлөөллөөс бус фракцын зөрчлөөс болж өвдөг шороодон, Засгийн газрын тэргүүн болон АН-ын даргын “тахим”-аа өгсөн гэдэг. Тиймээс намынхаа ҮЗХ-оо хуралдуулж чадаагүй байгаа З.Энхболд дарга фракцууддаа “Татгалзахааргүй санал тавих” ёстой. Үгүй бол мань хүнийг ч намын даргын суудлаас нь унагаж мэднэ. Уг нь “Загалмайлсан эцэг” Зи "АН өнөөдрөөс эхлэн фракцгүй нам боллоо" гэж хэлж байсан удаатай. Гэлээ ч давахгүй гэсэн даваагаараа долоо давна гэдгийн үлгэрээр намынх нь фракцууд цөөрөх бус үржээд байна уу.

 

Ч.Төмөрсүх