Ч.ЗОТОЛ

Ургаж буй улаан бич жил унаач хүүхдүүдийн аав, ээжүүдийг тун ч ихээр баярлуулав. Учир нь энэ жилийн хурдан морины өвлийн уралдаануудыг хойшлуулсан тушаал, шийдвэрүүд шилээ даран гарлаа. Бяцхан хүүхдүүд хүйтэнд хацар нүүрээ хайруулж, чихээ хөлдөөхгүй боллоо. Даарснаас болж мориноосоо унах, улмаар бэртэж гэмтэх аюул алсарлаа. Энэ жилийн хамгийн баярлууштай хийгээд алга ташмаар сайхан мэдээ энэ. Тухайлбал, Төв аймгийн Засаг дарга ихэнх сумдад зуд нүүрлэсэн, өвөлжилт хүндэрснээс үүдэн мал, малчин хоёр хэцүү байдалд байгаа, дээр нь хүйтний улиралд хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байхыг анхааруулж, аймгийнхаа нутаг дэвсгэрт өвлийн цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг оны өмнөхөн гаргасан. Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга ирэх тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан хийхийг түр хориглосон захирамжийг саяхан гаргалаа. Хүүхдийн эрхийг хамгаалсан энэ тушаал шийдвэрүүд дараа жил ч гэсэн хэвээр үргэлжлээсэй.

Уг нь манайхан унтаж байгаад гэнэт сэрсэн мэт тушаал, шийдвэр үзэглэх бус өмнөх жилүүдэд ч гэсэн ийм бодлого баримталж ирсэн бол олон унаач хүүхдийг хүйтэнд хацар нүүрээ хайруулах, чихээ хөлдөөх, даарч бээрснээс мориноосоо унах, бэртэхээс аврах байлаа. Дээр нь морьдоо өвлийн уралдаанд бэлдэж, нойр хоолоо хасч байдаг уяачдын хөдөлмөр зүтгэл, цаг завыг талаар болгохгүй сэн. Харамсалтай нь сонгуулийн жил ийм шийдвэр гаргасан нь “но”-той. Дээр нь ирэх жил энэ шийдвэрээ өөрчлөхгүй гэхэд итгэмгүй. Учир нь үйл явдлын улс төрийн зураг огт өөрөөр уншигдаж байна. Нэгдүгээрт, Төв аймагт сонгууль болоход МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдыг давж гарах нэр дэвшигч АН-д үгүй. Үүнтэй адил Төв аймагт хурдан морины уралдаан болоход М.Энхболд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүний сонгуульт ажлаасаа одоогоор түр түдгэлзсэн буюу долдугаар сарын 1-нийг хүртэл чөлөө авсан эсэхээс үл хамаарч нэр нөлөө нь улам газар авна уу гэхээс хумигдахгүй. Тиймээс тэнд хурдан морины уралдааныг хавар болтол хойшлуулсан нь М.Энхболдын хөлийг тушсантай адил. Үүнтэй адил Хөвсгөл аймагт сонгууль явагдахад УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэнгийн рейтинг бусдаас өндөр, хурдан морины уралдаан болоход ч түүний унаган хүлгүүд магнайлж байх жишээтэй. Тэгэхээр хур­дан морины уралдаа­ныг хойшлуулсан, хориг­лосон захирамжууд нэг ёсондоо АН-ын дарга З.Энхболдоос МАН-ын дарга М.Энхболдод барьсан сонгуулийн жилийн “бэлэг” болж таарч байна. Хэрэв үгүй бол дээрх захирамжууд ирэх жил ч хүчин төгөлдөр байх ёстой.