Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Дуудлагаар Онцгой байдлын Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байжээ. Онцгой байдлын аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аварсан байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан. Тодруулбал аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварчээ. Согтуу этгээдийг болиулах гэхэд өөрийн төрсөн хүү Б /эр.2 настай/-д хутга тулган эсэргүүцэл үзүүлсэн байна. Цагдаа болон Онцгой байдлын албан хаагчид нар шуурхай ажиллан хэргийг таслан зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Хүүхдэдээ хутга тулгасан эцэгт Эрүүгийн хуулийн 181.2 буюу танхайрсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоогдвол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.

 

А.Баярмаа