Зураач, барималч Ж.Ойлан “Орон” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад удаагүй байгаа билээ. Хоёр настайгаасаа эхлэн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл “дурлал”-даа үнэнч яваа зураач, барималч Ж.Ойланы урланд цөөн хором ярилцсан юм. Реалист, сюрализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг тэрбээр уран зураг, хөрөг, баримал голчлон хийдэг. Дийлэнх бүтээл нь цэнхэр өнгөнөөс бүтэх бөгөөд энэ талаар түүний доорх ярилцлагаас та бүхэн уншиж танилцаарай.

- “Орон” уран бүтээлийн үзэсгэлэнгийн талаар ярилцлагаа эхлүүлье?

- “Орон” үзэсгэлэн маань сая нэг сард нээлтээ хийсэн. Энэ үзэсгэлэнг амжилттай нээхэд гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Marshall tower-ийн хамт олон Marshall gallery-гийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Энэхүү үзэсгэлэн маань яг миний хүсэж, мөрөөдөж, бодож төлөвлөж байснаас арай өөр болсон. Төлөвлөгөө ёсоор бол “Орон” үзэсгэлэндээ уран зургаас гадна баримал хийж оролцох байсан ч амжаагүй болохоор жоохон сэтгэл дундуур байна. Гэхдээ уран зураг үзэсгэлэнгийн хувьд үзсэн хүмүүс сэтгэл санаа өөдрөг байгаа нь их урам өгч байгаа. Ялангуяа энэ удаагийн үзэсгэлэнгийн маань гол зураг болох “Орон” зургийг хүмүүс их сонирхож байна лээ. Би ч бас энэ зургийн минь л хүмүүс сонирхох байх гэж бодож байсан яг л бодсоноор минь боллоо. Зураач хүн өөрийнхөө бодлыг үзэгчдэд тулгах биш, тэдэнд юу бодогдуулах гэсэн асуудлаа дэвшүүлэн тавих үүрэгтэй. Харин дараагийн үзэсгэлэнгээ их сайхан үзэсгэлэн болгоно гэж бодоод мөрөөдөж ажилдаа ханцуй шамлан ороод байна.

- Дараагийн гарах үзэсгэлэнгийн талаар уншигчдад танилцуулбал?

- 2016 оны намартаа багтааж уран бүтээлч хүн юу хүсэж мөрөөдөж явдаг түүнийг шингээсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд ажилдаа ороод явж байна. Мөн баримлаа ч хийнэ гэж төлөвлөөд baigaa.

- Баримал голлох болов уу? Уран зураг голлох болов уу?

- Би ер нь Хүн дээр тулгуурлаж, хүн орсон зураг голчлон зурдаг. Баримал ч гэсэн ялгаагүй хүнтэй байна. Тэгэхээр зураг баримал хоёр маань хоёулаа харилцан уялдаатай холбогдож байгаа юм. Аль нэг нь голлоно гэж байхгүй л дээ.

- Хүмүүсийн асуудгийг би дахин асуух гэж байна. Яагаад цэнхэр өнгөөр дагнасан уран бүтээл туурвидаг юм бэ?

- Хөх өнгийг анхандаа билэгдлээр нь бодож үзэж байлаа. Хөх тэнгэр, дэлхий, ус, агаар хүртэл хөх өнгөтэй. Өөрөөр хэлбэл агаар, газар, ус энэ гурван хүчин зүйлийн нөлөөнд амьд ертөнц оршин тогтнодог учраас энэ бүх утга агуулгыг үндэслэн бодсоны үндсэн дээр хөх өнгийг сонгосон хэрэг. Хөх өнгө бусад өнгөнүүдийг бодвол нууцлаг, нандин шинж чанартай, агуулга ихтэй. Заримдаа би хүмүүст хөх өнгөнөөс үнэр үнэртдэг гэж хэлдэг. Гэхдээ хүний хамранд биш, оюун ухаан, мэдрэмжид үнэртдэг үнэр. Хүмүүс хөх өнгөний талаар байнга л ямар учиртай юм? Яагаад хөх өнгө гэж? асуудаг. Би хөх өнгөнд дуртайдаа биш надад тийм зайлшгүй шаардлага үүссэн. Нэг ёсондоо үүрэг л дээ. Эрийн цээнд хүрсэн хүн эх орноо хамгаалах үүрэгтэй байдаг шиг надад уран бүтээлч хүний минь хувьд тийм л үүрэг оногдсон. Тэр оногдсон үүргийнхээ дагуу л би хөх өнгөөр ажилладаг гэж ойлгоход болно доо. Эхэндээ бол хөх өнгөнд дуртай байсан. Нэг хэсэг хөх өнгөнөөсөө залхаад, татгалзсан ч эргээд хөх өнгө лүүгээ орсон. Яагаад бусад өнгө биш байсан гэхээр надад оногдсон үүрэг нь хөх өнгөөр зурах юм билээ. Тэрнээс би дуртайгаа шилж сонгоод ч юм уу, гоё сайханд нь татагдсан биш, хийх ёстой үүргийнхээ дагуу л хөх өнгөөр зурж байгаа. Хаа хүртэл явах нь уу харъя. Байнга хөх өнгөөр зурахгүй байх. Хэсэг өөрчлөгдөх байх. Зураач хүний өөрийн сонголт, хүсэл мөрөөдөл нь хаашаа хөтөлнө түүнийгээ л дагах ёстой. Зорилго чиглүүлж, мөрөөдөл хөтөлдөг гэдэгтэй адилхан.

- Бодит байдлыг буддын шашин болон сюралистыг хамтатгадаг нь таны бас нэг онцлог байх?

-Миний хийж байгаа урсгалтай холбоотой. Би бол сюрализм чиглэлээр адаг. Сюрализм гэдэг нь зөн билгийн бүүр цаашлаад мөрөөдөл гэж хэлж болно. Хүн өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ толилуулах, дэвшүүлж тавих урсгал. Сюрализмд бүх юм багтдаг. Тухайлбал, байгалийн зураг, зохиомж зэрэгт өөрийнх нь оногдсон юмаа л хийнэ. Сюрализмд бүх урсгал шингэсэн байдаг болохоор аль нь тэр бол гэх зүйл байхгүй. Сая өөрөө бурхны дүрслэл байна гэж хэлж байна л даа Манай бурханытанкет зургууд Ази тал руугаа л явчихсан болохоос сюрализмтай төстэй байдаг. Европ тал руу нь харвал Сальвадор Делигийн бүтээл ч гэсэн хийсвэр, фантазлаг, нөгөө ертөнц ч юм шиг, тамын орон ч юм шиг байдаг шүү дээ. Тэдэнтэй адилхан манай сүм хийдүүдэд нэр нь үл мэдэгдэх зураачийн бурхад, бүтээл бид нарын сюрализм.Хөгжихдөө шашин талаа бариад явчихсан л болохоос өнөөгийн бидний энэ нийгэмд байсан бурхны зураг өөр байх байсан. Тэр үеийн хууль дүрэмд захирагдсан байдал нь тэр. Би бол сюрализмд дуртай. Үүнд ямар нэг хэмжээ хязгаар байхгүй. Хана мөргөх ч юм уу эсвэл дахиад л хаалга татаад орчихно гэж байхгүй, ерөөсөө тал нутаг шиг л цэлгэр, чөлөөтэй сэтгэх боломжийг олгож өгдөг болохоор дүрслэх урлаг дотроо сюрализм нь хаан гэж ойлгож бас боддог.

- Таны ертөнцийг үзэх үзэл, шүтлэгийг тань асуумаар байна. Бүтээлд тань будда, христ, лалын шашин бүгд л туссан байна...

- Уран бүтээлч хүн шашин хөөцөлдөөд дэмий юм болов уу гэж боддог. Гэхдээ би бөөгийн шашинг бусад шашнаас үнэлдэг, хүндэлдэг. Надад илүү тэнгэрлэг, бодитой санагддаг. Гэхдээ би өөрийн зурсан зургаа аливаа нэг шашинд хамааруулмааргүй байна. Би юу хүс ч, бодож, мөрөөдөж байна тэрэндээ л захирагдана. Тэрнээс миний хүсэл, бодолд тулган шаардах орон зай байхгүй, би буддизм, христэд ормоор байна уу? Эсвэл бүр шашин зохиомоор байна уу? Түүнийгээ л бүтээл болгоно. Ер нь шинээр шашны урсгал зохиож болно шүү дээ. Шашин бол зохиосон болохоос бурхан тэнгэрээс өгөгдсөн бодит юм биш. Зураг гэдэг чинь аливаа зураг дүрслэлийг зураач өөрөө зохиож, байхгүй юмыг бий болгож, түүнийгээ бусдад харуулж, мэдрүүлэх нь дүрслэх урлагийн гол үүрэг нь. Ер нь урлагаас их олон зүйл үүссэн. Шинжлэх ухаан ч гэсэн урлагаас үүссэн. Тийм болохоор энэ ертөнц дээрх хамгийн ид шидтэй хүмүүс бол зураачид, урчууд гэж боддог. Тэрнээс улс орныг удирдаж яваа хүмүүс биш. Зурагнаас нь, бүтээлээс нь аливаа зүйлийн сэдэл төрж бусад зүйлс салбарлан хөгжиж өнөөдрийг хүрсэн. Тийм болохоор дэлхийг хөгжүүлсэн, сайхан, муухай, сайн муугийн ялгаа заагийг гаргаж таниулдаг хүмүүс уран бүтээлчид юм.

- Таны урланд орж ирэхэд эмэгтэйчүүдийн хөрөг зураг хамгийн түрүүнд нүдэнд туссан...

- 1987-1992 онд би Дүрслэх урлагийн их сургуульд сурч төгссөн. Тэr үеэс л хөрөг зураг зурдаг байлаа. Түүний үргэлжлэл, сүүлийн хувилбар гэж хэлж болно. Энд бодит хүн ч байгаа, хийсвэр нь ч байгаа, ер нь хоёр талтай. Байгалийн зураг их зураад байхаар хүн заримдаа харахгүйгээр фантазлаад ч юм уу зурчихдаг. Тэрэн шиг хөрөг зургаар оролдоод их хийгээд ирэхээр хүний хөрөг өөрөө дотоод сэтгэлд бий болоод л ирдэг. Энэ онд гаргах үзэсгэлэндээ 108 хөрөг зурж дуусгана. Үүнийгээ хас хэлбэртэй болгож өрөхөөр ойролцоогоор 4 метр өндөртэй болохоор байгаа.

- Энд хөрөг зурагт танай гэр бүлийн хүн байгаа юу?

- Байхгүй. Өмнө нь 45 ширхэг хөрөг хийж байхдаа гэр бүлийн хүн, хүүхдүүдээ зурж байсан. Яваандаа хийнэ л дээ.

- Бүсгүй хүн уран бүтээлчдийн хувьд мөнхийн сэдэв байх юм?

- Бүсгүй хүн гэдэг бол аль ч нийгэм, урьд өмнө нь, цаашдаа ч гэсэн хайр гэдэг шиг мөнхийн сэдэв байна. Бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулах, сайхныг нь бусдад харуулах, мэдрүүлэх нь ганц би ч биш дэлхий ертөнцийн зураачдийн одоо ч цаашдаа хийх гол сэдвийн нэг гэж би боддог. Тиймдээ ч урлаг хүнд гоё сайхнаар харагдаж, үнэлэгдэж байгаа. Мөн бүсгүй хүний гоо сайхан өөрөө дүрслэх урлагт тодорхой хэмжээний байр суурь эзэлж, чимж гоёдог. Урлагт бүсгүй хүн байхгүй бол аргуун, хуурай, бас өнгөгүй болж нэг чухал юмаар дутагданаa даа. Тийм болохоор би бүсгүй хүн зурдаг. Нэг хэсэг ваар их зурсан. Ваартай бүтээлүүд маань энэ удаагийн “Орон” үзэсгэлэнгийн бүтээл маань байлаа. Яагаад гэхээр би бүсгүй хүнийг ваартай зүйрлүүлж байгаа юм.

- Яагаад?

- Ваарын хэлбэр бүхэн нь өөр өөр бүсгүйг илэрхийлж дээр нь байгаа хээ хуар тухайн хүний зан чанар, гадаад дотоод дүр төрх, нандин бүхнийг илэрхийлж байгаа юм л даа. Тийм болохоор би ваарыг эд өлгий, ахуйн хэрэглээ гэж харахгүй байгаа .Минийхээр бол ваар сүнслэг, амьд юм шүү дээ. Тийм ч учраас миний уран бүтээлд бүсгүй хүн түлхүү ордог доо. Цаашдаа ч орох байх. Аливаа зураг хүн орж байж амилдаг гэж боддог хүн дээ би. Хүнгүй байхаараа санаагаа хүнд тулгах гэсэн, хатуу харагддаг. Дэлхийн шилдэг, суут зураачид хүнтэй л холбоотой зураг зурж Дүрслэх урлаг нь хүн юм байна гэдгийг ойлгочихсон байдаг шиг байгаа юм.

- Урлагт хэчнээн жил зүтгэж байна вэ?

- Аав минь намайг хоёр настайгаасаа зураг зурж эхэлсэн гэж ярьдаг байсан. Тэгэхээр би бараг 43 жил зураг зурж байна дaa.

- Хоёр настайдаа хүүгийнхээ авьяасыг анзаарч, мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжихөд эцэг эхийн дэмжлэг их байсан байх...

- Тэгэлгүй яахав. Эцэг эхийн хайр халамжгүйгээр хүн болно гэдэг хэцүү. Зураач хүнд эцэг эхийн болоод гэр бүлийн зүгээс үзүүлэх дэмжлэг асар их нөлөөтэй шүү дээ. Хүүхэд байхад аав, ээж байраар өсгөж бас өчүүхэн авьяасыг минь дэмжиж ирсэн. Харин одоо гэр бүлийн хүн минь хань минь сэтгэлийн хувьд дэмжиж бас ар талыг минь дааж зурган даа төвлөрөх боломжийг олгож өгч байна даа. Би Хүүхэд байхаасаа л зургийн уралдаанд ордог, түрүүлдэг хүүхэд байсан л даа. Тэр бүх шагналаас 1985 онд ЗХУ-ын Дэлхийн хүүхдийн гар зургийн уралдаанд оролцон 64 орны 35000 зурагнаас миний зурсан зураг шалгарсан юм. Энэхүү шагналаа Москва хотноо уригдан очиж Данийн алдарт шог зураач Херлуф Бидструфээс гардан авсан минь хамгийн онцгой нь. Энэ бол миний амьдралын хамгийн оргил үе, хүүхэд байх үеийн хамгийн дурсамжтай, юутай ч зүйрлэшгүй мэдрэмжийг одоо хүртэл өгдөг. Миний энэ зэрэгтэй зураач болоод явж байгаа, хүүхэд байх үеийн тэр хүсэл мөрөөдөл намайг одоо ч хөтлөөд л явж байна. Аав минь намайг хөтлөөд Монголын алдарт зураач нартай уулзуулж, гэрт нь зочилж тэд ч гэрт ирж уулзаж ярьж байсан миний нүдийг, сэтгэлийг нээж өгсөн. Хүн багаасаа нүд нь нээгдэхээр урлагт хандах бүтээл туурвих зэрэг нь арай өөр байдаг юм болов уу. Өнөөдөр ажиглаад байхад эрийн цээнд хүрсэн хойноо зураач болоё гэж боддог ч хүсэл мөрөөдөл нь дутагдаад байгаа юм шиг харагддаг. Хэдийгээр авьяас байгаа боловч хүсэл мөрөөдөл нь хангалттай их байх ёстой. Тийм болохоор миний хүсэл мөрөөдөл хүүхэд байхаасаа хангалттай их байсан болохоор энэ л миний зам юм байна гэж тэр үеэс л боддог байсан даа.

- Зарим зураачид дүрслэх урлагийг хоолоо олж идэх хэрэгсэл гэж хардаг...

- Дүрслэх урлагийг хоол, талхаа олж идэх хэрэгсэл гэж би боддоггүй. Энэ ерөөсөө л миний хийх ёстой ажил шүү л гэж бодож ойлгодог. Би одоог хүртэл багаасаа хүсч мөрөөдөж байсан мөрөөдлөөрөө зурдаг зурсаар ч байх болно. Дүрслэх урлагаар Монголд баян амьдарна гэж байхгүй. Зарим зургаа үнэ тохироод өгөх нь өгдөг. Гэхдээ зургаа хүнд өгөх нь надад их хэцүү хүүхдээ айлд өгөх гэж байгаа юм шиг санагддаг даа. Ер нь зураач бүхэн л тийм бодол тээдэг байх. Бүтээлээ өөрөөсөө холдуулах, явуулах тийм ч дуртай биш ээ.

- Гэхдээ таны бүтээлүүдийг гадны зураг цуглуулагч нар болон “томчууд” ихэвчлэн авдаг юм билээ?

- Тийм байх тал бий. Тэд зургийг маш сайн ойлгодог мэдэрдэг хүмүүс байдаг л даа. Дүрслэх урлагийн гол үүрэг нь хүнд урьд хожид дэвшүүлж байгаагүй санааг гаргаж тавьдгаараа л онцлогтой. Нэг ёсондоо дуучин хүнийг дуулсаных нь дараа сая юуны тухай дуулсан бэ гэж хүмүүс асуудаггүй шүү дээ. Түүн шиг зураач хүний зурсан зургийг хараад хүмүүс юуны тухай зурсан бэ? гэж битгий асуугаасай. Ингэж асуухаас өмнө энэ зургаар юу илэрхийлэхийг хүссэн бэ? Гэдгийг өөрсдөө олж хараад түүний дараа харилцан ярилцаж бодлоо солилцож болох юм. Би үзэгчид өөрсдөө бодолгүйгээр зураачаас энэ зурагт энэ зурагт юун тухай зурсан юм бэ? Гэж асуухад нь их эмзэглэдэг. Зургийн ертөнц рүү нэвтрэхийн тулд хүн өөрөө тодорхой төвшинд боловсрох хэрэгтэй. Дүрслэх Урлаг гэдэг маань мэдлэг боловсролын төвшинд харьцдаг урлаг юм шүү дээ. Зураг гэдэг бол дуу, бүжиг, жүжгийн болон бусад зохиол шиг биш, тэс ондоо биеэ даасан урлаг. Тийм болохоор би зураг бүрээрээ хүнд шинэ содон юм харуулж, тэдний нүдийг баясгаж, анхаарлыг нь арай өөр зүйлд төвлөрүүлж мэдрүүлэхсэн гэдэг үүднээс л ханддаг. Тэр утгаараа зургаараа ашиг олох гэсэн бодол надад байдаггүй л дээ.

- “Орон" зураг эзэнтэй болчихсон уу?

- Эзэнтэй болоогүй. Мэдээж хэрэг үнэ хэлж байгаа хүмүүс байгаа. Юу юугүй зарчихмааргүй байна. Хятад руу хэд хэдэн зураг үзэсгэлэнд явуулах гэж байгаа болохоор зарах гэж яарахгүй байгаа.

 

- Нүүдэлчин Монголын түүхийг харуулсан зургуудыг та кофе, цайгаар зурдаг. Түүний нэгийг жаазалсан байна. Та энэ жаазыг өөрөө хийсэн үү?

- Тийм. Энэ жаазыг нүүдэлчдийн ахуй амьдралтай холбоотой жааз хийе гэж бодсон юм. Доторх зураг нь “Элч” нэртэй зураг. Мэдээ хүргэхээр яарч байгаа зохиомж. Би ер нь хөрөг зураг, могул зураг, баримал, сюралист чиглэлээр голчлон ажилладаг. Энэ зургийг зурахдаа өөрөө цаасаа боловсруулаад, кофегоор зурсан. Арай өөр тавилттай, түүхэн талаас нь ихээхэн судалгаа хийж байж зурдаг л зураг. Ер нь ийм зургаа Монголын нууц товчооноос сэдэвлэн зурдаг л даа.

- Шавь бэлдэж байна уу?

Шавь бэлдэх бодол байгаа. Одоохондоо бодож, төлөвлөж байгаа зүйлсээхийж дуусгаад жоохон завтай болоод ирэхээрээ шавь бэлдэх сургалт хийх бодолтой байгаа. Тэгэхгүй болохоор хүн өөрөө сурчхаад амиа бодсон юм шиг байж болохгүй. Сурсан юмаа өвлүүлж, заах хэрэгтэй. Заах нь нэг бодлын хүний үүрэг шүү.

- Таны зургийн имжид хөх өнгө. Ганц нэг зураач хөх өнгөөр зурж байгаа харагддаг. Үүнд таны бодол ямар байна?

- Надад бол сайхан санагддаг. Ганцхан хөх өнгөөр би зурдаггүй. Хөх өнгө миний өмчлөөд авсан өнгө биш. Бүгдийнх нь л өнгө. Тиймээс би хэлдэг юм. Хөх өнгөөр зурахдаа түүний гоё сайхныг мэдэр бас мэдрүүлж зураасай л гэдэг дээ. Хөх өнгөөр зураг зурсан зураачдыг хүмүүс Ойлан шиг хөх өнгөөр зурлаа гэж ярьдаг. Би тэгж ярьж болохгүй ээ л гэдэг.

- Хөрөг, сюралист зургийн аль нь таны гарт илүү орж, хурдан зурж байна вэ?

- Зураач хүн ямарч бүтээлээ Амилтал нь буюу ханатал нь зурах ёстой. Хэзээ миний дотор хүн ‘'одоо боллоо ханалаа’’ гэж хэлнэ тэр хүртэл л зурна. Жижиг хэмжээний зургийг бүтэн сар зурж болно. Бас Том зургийг нэг өдөр ч зурж болно. Тухайн өдрийн сэтгэл санааны байдал хүсэл ба онгод гэж байдаг даа тэр бүхнээс л шалтгаална даа. Би хамгийн хурдандаа нэг зургаа нэг өдөрт зурж байсан тохиолдол бий. Нэг өдөр гэхээр бүтэн өдөр шөнөгүй сууж зурах биш л дээ. 3-4 цаг ч суугаад зурчхаж болно. Бусад цагт нь амарчихна.

- Хамгийн удаан бүтсэн зураг?

- “Орон” зураг. Гурван жил зурсан. Амилтал нь ханатал нь хийнэ гэдэг зурагт өөрт нь тавигдсан шалгуур.

- Та бол өөрийгөө Монголд, Азид, дэлхийд таниулсан. Монголд тань шиг өөрийгөө таниулсан зураачид хэн, хэн байна?

- Байгаа. Нэлээн байгаа. Нэр цохоод яахав.

- Ярилцлагаа таны хэлэх гээд хэлж амжаагүй санаагаар өндөрлүүлье.

- Миний бодож, мөрөөдөж хүсдэг зүйл бол Ази, дэлхийн дүрслэх урлагт Монголын бие даасан урсгал чиглэлийг гаргаж ирэх эрмэлзэлтэй байгаа. Манайхан спортоор амжилт үзүүлээд байна. Дүрслэх урлаг одоо хөдлөх цаг болсон. Үүнийг чи л хийнэ, чамаас өөр хүн байхгүй шүү гэсэн даалгавар өөртөө өгчихөөд бодоод явж байгаа. Тийм болохоор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах нь миний ойрын хэдэн жилийн зорилго болчхоод байгаа. Зорилгодоо хүрнэ. Зорилгодоо хүрэхийн төлөө өөрт байгаа авьяас чадвар зав цаг бүх зүйлээ л зориулна даа.

- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа

А.Баярмаа