Таиландын Бангкок хотноо өчигдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ эхэлсэн. Монгол улсын Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа эмэгтэйчүүдийн хүнд жинд буюу 75 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртлээ. Тэр Узбекистан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд Японы тамирчин Рио Абег 2:0 харьцаатайгаар хожин аварга болсон байна. 2009 онд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анх удаа Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан, хошой хүрэл медальт О.Бурмаагийн хувьд Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан юм. Түүний хувьд эх орондоо эмэгтэй бөхийн төрөлд Азийн аваргын тав дахь алтан медалийг авчирлаа.

Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэй төрөлд 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болно. Энэ өдөр 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Отгонтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана.

 

О.Номин