Б.ЭНХЗАЯА

Амьд бүхний амин сүнс, тэжээн тэтгэгч нь агаар хийгээд ус. Хүн төрөлхтний хувьд энэ нь байгаль орчны эрх юм. Нэг ёсондоо цэвэр агаар, цэнгэг устай бол байгаль орчны эрх хангагдаж байгаа гэж үздэг.

Харин Монгол орны хувьд энэ асуудал тэг заасаар хэчнээн ч олон жилийг үдэв дээ. Дахиад хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл өнөөдөр хүртэл Монгол Улсын агаарын бохирдол, ундны усны хомсдлыг арилгах арга, чадварыг бид эзэмшээгүй байна. Жил бүр өч төчнөөн хөрөнгийг зарцуулсаар байгаа ч жил ирэх тусам агаар, усны бохирдол нэмэгдсээр. Үнэндээ бидэнд үндэсний хэмжээний судалгаа, түүн дээр суурилсан онцгой, шинэ шийдэл, арга зам хэрэгтэй. Тэгвэл энэ талаар байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд нэгдэн судалж эхэлжээ.

Үүний нэг нь Дэлхийн нөөцийн хүрээлэн, Нээлттэй нийгэм форум, Хөвсгөл далайн эзэд төрийн бус байгууллага хамтран өнгөрсөн жил “Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцох эрхийг баталгаажуулах нь” төсөл юм. Төслийн хүрээнд хэд, хэдэн анхдагч судалгааг иргэдийн дунд хийжээ. Олон улсад хэрэглэгддэг НҮБ-аас гаргасан “Бали-2000” удирдамжийн дагуу анх удаа Монголд байгаль орчны аргачлалын индексийн судлахад харамсалтай нь тааруу гэсэн үнэлгээ гарчээ. Учир нь манай улсын иргэдийн хувьд байгаль орчны мэдээлэл авах эрх нь хангалтгүй, агаарын бохирдол, ундны усны хомсдолоос гарах шийдвэрт оролцох хууль эрхзүйн орчин муу. Тэгээд хамгийн гол зүйл болох байгаль орчны эрх зөрчигдсөн тохиолдолд шүүхээс нэхэмжлэх эрх хуулиар олгогдоогүй зэрэг нь үнэлгээ тааруу гарсны үндэс.

Түүнээс гадна манай улсын хүн амын хувьд байгаль орчны ямар мэдээлэл хэрэгтэй байгааг судалгааны багийнхан гаргажээ. Үүнийг судлахын тулд нийслэлийн хамгийн их агаар хийгээд усны бохирдол дунд амьдардаг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдийг татан оролцуулсан байна. Энэ орчимд Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ихээр олборлодгоос байнгын тоосжилттой, голын урсгал онц их хэмжээний бохирдолттой. Түүнийг дагаад энэ орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, наад захын байнгын тоосны харшилтай болсон байх жишээтэй. Судалгааны дүнд иргэд өөрийн амьдарч байгаа баг, хороо зэрэг нарийвчилсан цэгт амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус хэр зэргийн бохирдолттой байгааг мэдэхийг хүсчээ. Үнэндээ энэ бол зөвхөн Туул тосгон, Заамар сумынхан гэлтгүй нийтээр бидний мэдэхийг хүсдэг асуудал.

Даанч төр засгийн олон олон төсөл хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлсэн их хэмжээний төсөв зэрэг нь ядаж энэ талаарх мэдээллийг судалж, нээлттэй болгоогүй нь харамсалтай.

Иргэдийн байгаль орчны эрхийг хамгаалах талаар “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

 

Б.Баярмаа:

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛНА

-Иргэдийн байгаль орчны тухай мэдлэг, эрхээ хамгаалах орчин хангалтгүй байгаа талаар та бүхнийсудалгааны дүнд гарчээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Бид Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу ашиг­лан судалгаанд оролцсон иргэдээр төрийн байгууллагаас байгаль орчны талаарх мэдээллийг лавлах кампанит ажил өрнүүлсэн. Харамсалтай нь энэ төрлийн мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, та бидний хороо, баг дахь агаар, усны бохирдлын талаар нарийвчилан мэдээлэл байгаагүй гэсэн үг. Манай улс энэ мэдээллийг зөвхөн макро төвшинд боловсруулдаг. Улс, аймаг, сум гэж. Тиймээс энэ жил баг, хорооны төвшинд байгаль орчны мэдээлэл ямар байх ёстой стандарт боловсруулахаар зургаан төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна.

-Энэ стандарт ямар ач холбогдолтой вэ?

-Байгаль орчныг ашиглан ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эсвэл байгаль орчны нөхөн олговор авах асуудлыг шийдүүлэх гэхэд нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй. Ядаж тухайн усны нөөц ямар байгаа, хэр зэрэг бохирдолтой байгаа мэдээлэлгүйгээр шийдвэр гаргуулж чадахгүй. Эхлээд бид байгаль орчны нөхцөл нь бүрдсэн эсэхийг мэдэх стандарттай болох ёстой. Үүнийг ирэх жил гэхэд боловсруулна.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд байгаль орчны хэр хэмжээний нөөц ашигладаг, хэрхэн бохирдуулж байгаа мэдээлэл нээлттэй боолох юм. Ард иргэдэд ч хардалтгүй болно гэсэн үг.

-Байгаль орчныг бохирдуулаад байгаа хүчин зүйлүүдэд ямар хэлбэрээр хяналт тавих ёстой вэ

-Хяналттай болгохын тулд хамтын мониторинг хийж үзэх нь зүйтэй. Аж ахуйн нэгж, иргэд, орон нутгийн төр захиргаа баг бүрдүүлээд хамтын оролцоотой Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Хайлааст багт усны мониторинг хийх гэж байна. Эдгээр хэсэгт нийслэлийн хүн амын бүх төрлийн хэрэгцээг хангах үйлдвэрлэл явагддаг. Гахай, тахиа, ноос ноолуур, эмийн үйлдвэр олноор бий. Иргэний нийгмийн байгууллагын хийсэн ажил, судалгааг төр, иргэд тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тиймээс гурван талаас хамтарч оролцож судалвал илүү үр дүнтэй, арга шийдэлд хүрч чаддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин