Хэсэг зуур араб адуу шиг огцом хурдаар Монголын улс төрийн орон зайд цойлж ирсэн ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам сүүлийн хэдэн сард баахан барцадтай байна.

Хамгийн сүүлд “....Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн тул хүчингүйд тооцов” гэсэн зар нэгэн сонинд хэвлэгдсэн нь олонд ил боллоо. Намын тамгыг гээсэн үү, алдсан уу гэдэг асуулт хүртэл гарч ирж байна. Учир нь намын удирдах төвшний хэрүүл уруул, үл ойлголцол савнаасаа халиад байгаа юм. Юутай ч Монголд урьд өмнө зарим нэг дарга гэнэтийн халагдах тушаалд цочирдохдоо байгууллагынхаа тамгыг аваад хэд хоногоор алга болж байсан хэд хэдэн тохиолдол бий. Харин улс төрийн намын тамга ямар нэг байдлаар алга болсон анхны тохиолдол энэ боллоо.

ХҮН-ын сураггүй болсон тамганы талаар тус намын нэгэн гишүүн “ХҮН-ын дотоод асуудлаас үүссэн хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг дахин хийлгэхээр явж байна гэсэн мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд Цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. Холбогдох хуулийн хүрээнд намын үйл ажиллагаанд тамга ашиглагдаж байгаа болно” гэсэн албан бичгийг тамганы үйлдвэрүүдэд тараасан гэх мэдээлэл бас гарч ирлээ.

Эндээс үзэхүл ХҮН тамгаа олоогүй байна. Харин өнөөх хуурамч дипломны асуудал гэдэг шиг намын хуурамч тамганы “хэрэг” дэгдэж магадгүй нь бололтой.

Б.Дамдин