ХҮН намын дарга С.Ганбаатар хамар дороосоо тамгаа алдсан хөгтэй ч гэмээр явдал өнгөрсөн хэд хоног үргэлжилсний эцэст тамга нь олдсон бололтой, "бөөн инээдэм”. ХҮН-ийн дарга С.Боргил намын ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулж өөрийн албан тушаал болон тамгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Тэгвэл С.Ганбаатар дарга тамгаа ашиглаж амжаагүй шахуу 01, 02 тушаал дээрээ тамгаа дарчихаад алдчихаж. Ингээд эрэл сурал болсны эцэст тамгаа дахин хийлгүүлэхээр өдөр тутмын сонинд гээгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах зар тавьжээ.

 

 

 

Энэ үед ХҮН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд тамганы үйлдвэрт хүсэлт хүргүүлж "ХҮН-ийн дотоод асуудлаас үүдэн, хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг хийлгэхээр явж байгаа мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэнэ үү” гэжээ.С.Ганбаатар ХҮН-ийн дарга болсноор тус намыг хувийн компаниа шиг бодох болсон Т.Доржханд нарыг албан тушаалаас нь халсан бөгөөд Т.Доржханд тэргүүтэнгүүд тамгыг нь хулгайлан одсон бололтой.

 

 

 

Ингээд тамгагүй хууль ёсны дарга, тамгатай ч хууль ёсны бус Ерөнхий нарийн бичгийн дарга асан нарын хоорондын паян эхэлжээ. Энэхүү паянгийн хамгийн сүүлийн агаад хамгийн хөгтэй хэсэг нь "Тамга алга болчихлоо” гэж тамгаараа дарсан бичиг юм. Уг нь нам нэг л тамгатай байх учиртай. Тийм байтал "Тамга алга болчихлоо” гэсэн бичиг үйлдэж, тамга дарсан нь хулгайчийг бариарай гэж хулгай хийсэн зүйлээ барьсан хулгайч хашгирч байгаагаас өөрцгүй харагдаад байх юм.

 

Нинж