Нүүрсний экспортыг дэмжих цогц арга хэмжээ авч эхэллээ гэж Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Засгийн газрын энэ сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих шийдвэр гаргажээ.

-“Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний АМНАТ-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” Засгийн газрын тогтоол

-“Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслийг баталсан байна.

Ингэснээр АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гаалийн хураамжаас улсын төсөвт оруулах орлого багасах юм байна. Гэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэж, татварын суурь тэлнэ гэж үзэж байгаа гэнэ. Мөн нүүрсний уурхай, түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байрыг хадгалж үлдэх боломж бүрдэх аж.

"Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах болсон талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг “Яамны удирдлагууд сар бүр нүүрсний уурхайн захирлуудтай уулзаж байна. Манай улс нүүрсээ зөвхөн урд хөрш рүү гаргадаг. Тус улсын худалдан авалт буурсан тул нүүрсний уурхайнууд олборлолтын зардлаа бууулах, үр ашгаа нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Энэ зорилгоор гаалийн хураамж тонн нүүрс тутамд 1500 төгрөг байсныг буулгах хүсэлтээ ААН-үүд Уул уурхайн яаманд илэрхийлсээр ирсэн. Ингээд харилцан ярилцсаны эцэст 500 төгрөг болгон бууруулсан” гэсэн юм.

Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ, бусад холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлээгүй, буруу мэдээлсэн тохиолдолд АМНАТ-ийг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулах юм байна.