Залуучуудын өвлийн Олимпийн II наадмаас тэшүүрийн төрлөөр алтан медалийг хүртсэн Б.Сумъяаг өнөөдөр “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Тэрбээр Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн Олимпийн II наадам тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багт уралдан Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм.

Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, ийнхүү шагнажээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1,6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн. Тамирчны дасгалжуулагчаар Д.Энхбаяр сонгогдон ажилласан юм.
Б.Сумьяа
нь 2015 оны арваннэгдүгээр сард Нидерланд, Германд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрхээ авсан бөгөөд энэ удаагийн наадамд 500 метрийн зайд 21-р байр, 1500 метрийн зайд 24 дүгээр байрыг эзэлсэн.

Тэрбээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.