- 40 сая амдоллар, зургаан сая төгрөг шатсан байдалтай олджээ-

Өнгөрөгч баасан гаригт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний хоёр павильон тэр чигтээ шатаж их хэмжээний хохирол учирлаа. Гал өглөөний 06.00 цагийн үед гарсан бөгөөд 10 минутын дараа галын дуудлага өгснөөр НОБГ-ын харьяа аврах, гал унтраах багийнхан ирж, ажиллаж эхэлжээ.

Тухайн үед тус зах дотор харуул, цахилгаанчин хоёр байсан бөгөөд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй гарч амжсан байна. Шатсан зах дотор хүнсийн ногоо, жимс жимсгэнэ болон цагаан идээ, гоо сайхан, бөс бараа, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг түрээслэгчид болон хэд хэдэн цайны газар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Ер нь зах дээр цайны газрын ажилчид хамгийн түрүүнд ирдэг бөгөөд тухайн үед бэлтгэгчид ирсэн, хоол хүнсээ бэлдэж байх үед ийнхүү гал гарчээ. Биднийг 08.00 цагийн үед очиход захыг бүрэн хамгаалалтад авсан байсан бөгөөд гал унтраах баг, цагдаагийн байгууллагын ажилчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байлаа. Үүнээс гадна их хэмжээний утаа униар гарсан байдалтай байв. Харин тус захад үйл ажиллагаа явуулдаг байсан түрээслэгчид олноороо ирсэн байснаас гадна дотогш нэвтрэхийг оролдож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад нэлээд хүндрэл учруулж байгаа харагдсан. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед зах дээр ямар ч наймаа эрхэлдэг хүн орлого сайтай байдгаас гадна бүгд л бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийгээд удаагүй байсан тухайгаа халагдан ярьж байв. Тэр ч бүү хэл ихэнх түрээслэгчид өдрийнхөө орлогыг сейфэндээ хийгээд үлдээдэг байснаа ч хэлж байсан юм.

Түрээслэгчдийн хэлж буйгаар энд наймаа эрхэлдэг хүмүүс маш их хэмжээний мөнгө эргэлдүүлдгээс гадна бүгд л банкны зээлтэй иргэд байдаг байна. Амьжиргааны гол эх үүсвэрээсээ салсан иргэд янз бүрийн ааш аяг гаргаж байсан бөгөөд биеийн тамирын хувцастай хижээл насны эр нулимсаа асгаруулан уйлж зогсох нь нүдэнд тусав. Түүнийг Д.Батбаатар гэдэг бөгөөд тус захад бөс бараа худалдаалдаг байжээ. Түүний хэлж буйгаар тэрбээр 500 гаруй сая төгрөгийн бараагаа ийнхүү галд алджээ. “Би энэ захыг Дэнжийн мянгад байхаас нь эхлээд наймаа эрхэлсэн. Төдийгөөс өдий хүртэл улсаас ганц төгрөгийн гуйлга гуйгаагүй, харин ч төлөх ёстой татвараа төлөөд мөрөөрөө амьдарч ирсэн, гэтэл миний өнгөрсөнд хийсэн, хичээсэн бүхэн ингээд үнс болчихлоо. Би одоо яаж амьдрах юм бэ” хэмээн цурхиртал уйлах нь өр өвдөхгүй байхын аргагүй байлаа. Ер нь шатсан захад үйлчилгээ явуулдаг иргэдээс хамгийн их мөнгө эргэлдүүлдэг нь гоо сайхны барааны худалдаачид байдаг байна. Гал гарсны дараа цагдаа болон онцгойгийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас гадна нийслэлийн удирдлагууд ирж, нөхцөл байдалтай танилцсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас албаныхан гал гарсан шалтгааныг тайлбарлахгүй байгаа. Тэдний хийсэн мэдээлэл дунд нэгэн таагүй зүйл сонстсон нь гал унтраах явцад нэг хүний цогцос олдсон гэх мэдээлэл юм. Одоогоор уг цогцсын талаар тодорхой мэдээлэл байхгүй юм. Учир нь цогцос маш их түлэгдэлттэй байгаа учраас нас, хүйс гээд бүх зүйлийг тогтооход бэрх байгааг албаныхан хэлсэн. Харин тус захад үйлчилгээ эрхэлдэг түрээслэгчдийн зүгээс галын шалтгааныг санал нэгтэйгээр “Дүнжингарав” худалдааны төвтэй холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ тэд хий хоосон ч ингэж хардаагүй юм. Учир нь гал зүүн урд талаасаа эхэлж гарсан бөгөөд дээрээсээ дэлбэрэлт өгсөн талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа. Гэтэл энэ захад одоогоос жил гаруйн өмнө дараалсан гурван цайны газар шатаж байсан бөгөөд гал 30-40 минутын дотор бүрэн унтарч байжээ. Түүнчлэн газ болон тэсэрч дэлбэрэх зүйл ихтэй цайны газарт гал гарахад ямар ч дэлбэртэлт өгөөгүй байхад гаднын нөлөөгүйгээр захын дээвэр дэлбэрсэн гэдэгт тэд итгэхгүй байгаагаа хэлж байлаа. Нөгөөтэйгүүр гал эхэлж гарсан хэсэгт дэлбэрэлт үүсэх ямар ч боломжгүй бөгөөд тэр хэсэгт гурил будаа болон хүнсний бүтээгдэхүүний лангуунууд байдаг байжээ. Энэ бүхэн түрээслэгчдийг зах гаднын нөлөөтэйгөөр шатсан гэх дүгнэлтэд хүргэсэн аж. Түүнчлэн одоогоос хэдхэн хоногийн өмнө тус захын түрээслэгчид захын дундуур зам тавих гэж байгааг эсэргүүцэн, жагсч байсантай холбоотой гэх тайлбарыг ч зарим эх сурвалж өгч байв. Тодруулбал, энэ сарын 22-нд Хотын захирагчийн тушаал гарч, “Нарантуул” зах уруу ХӨСҮТ- өөс ордог хэсгийг сэтэлж, зам гарган чигээрээ урагшаа нэвтэрдэг байхаар төлөвлөн, зам засварын ажил эхлүүлэхээр болсон юм. Энгийнээр хэлбэл, “Нарантуул” захын замыг хоёр хувааж, хойноосоо чигээрээ Дүнжингарав уруу оруулдаг байхаар шийдвэрлэж, замын ажил эхлэх гэсэн нь энэ захын түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэхдээ эдгээр түрээслэгчид зүгээр ч нэг эсэргүүцээгүй, тодорхой шалтаг шалтгаанаар энэ замын ажлыг эсэргүүцэж байгаагаа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ захыг хоёр хувааснаар захын гадна хашаанд үйлчилгээ эрхэлдэг маш олон иргэд ажилгүй болохоос гадна хөдөө орон нутаг уруу явдаг машины зогсоол үгүй болох талаар хэлж байсан юм. Түүнчлэн зам тавьснаар аваар осол гарах магадлал үүсэхээс гадна захыг замтай хэтэрхий ойртуулж барьж болохгүй хуулийн заалт ч байдаг талаар хэвлэлийн хурлынхаа үеэр хэлж байв. Нөгөөтэйгүүр Хотын удирдлагууд хэдийгээр зам засварын ажил хийх гэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ намын гишүүн Б.Наранхүүгийнхээ “Дүнжингарав” худалдааны төвд илүү таатай боломж үүсгэж байгааг иргэд шүүмжилж байсан. Энэ ч үнэний ортой. Хэдийгээр ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрч байгаа ч “Дүнжингарав” худалдааны төвд лангуу түрээслэсэн иргэн маш цөөхөн байгаа юм. Энэ нь лангууны түрээс өндөртэй холбоотой талаар ч багагүй хэл ам үүсээд буй. Өөрөөр хэлбэл, лангууных нь түрээсийн үнэ “Нарантуул”- аас хэд дахин илүү байдаг учраас “Дүнжингарав”-т лангуу түрээслэх хүн олдоггүйтэй холбоотой аж. Нөгөөтэйгүүр “Нарантуул” захад гарсан гал гаднын нөлөөтэй байсан гэх бас нэг таамаг нь Ерөнхий сайдтай холбоотой. Тодруулбал, зах дээр гал гарсан талаар Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудыг хүлээж авч уулзахдаа галын шалтгааны бараг л тайлаад өгсөн байх юм. Тэрбээр хотын даргад хандан “Шатаасан байрныхаа учрыг ол” гэж хэлсэн нь олны анхааралд өртөөд байна. Ерөнхий сайдын ийнхүү хэлсэн үг маш олон зүйлийн учир шалтгааныг тайлж байна хэмээн цахим ертөнцөөр шуугиан тариад байна. Арга ч үгүй биз. Маш олон хүн амжиргаанасаа салчихсан, дээрээс нь галын шалтгаан тогтоогдоогүй байгаа энэ үед Ерөнхий сайдын ийн хэлсэн нь олон хүнд хардлага төрүүлэх нь зүй. Дээрээс нь түрээслэгчид яг л энэ гаргалгааг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, АН засаг барьж байгаагаараа далимдуулж, намынхныхаа бизнесийг бодлогын төвшинд дэмжиж байна гэх хардлагыг эрхэм сайд ийнхүү батлаад байна. Ямартаа ч “Нарантуул” захад гарсан галын улмаас 400-500-гаад иргэн эд материалаараа хохирохоос гадна ажлын байрнаасаа салаад байгаа юм. Албаныхан шуурхай ажилласны хүчинд 06.22 цагт галын дуудлага авч 11.30 цагт бүрэн унтраасан юм. Одоогийн байдлаар “Нарантуул” худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын болон төвийн таван дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд, Хэв журам хамгаалах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд Нарантуул худалдааны төв дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухуулах сурталчилгаа хийх, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэв журмын хамгаалалт гарган ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна. Түүнчлэн галын улмаас хохирсон иргэдийг хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагч ажиллаж байгаа юм байна.

Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар 40 мянган ам.доллар шатсан байдалтайгаар, зургаа орчим сая төгрөг бэлнээр нэгдүгээр давхрын нурангиас мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Шатсан худалдааны төвийн тухайд 1999 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд “АРКОН” ХХК-ийн зургаар хүнсний битүү захыг барьсан бөгөөд тэнхлэгээрээ 126.0 х 69.0 хэмжээтэй, хоёр заал, хүзүүвчээр холбогдсон, дотор талдаа уртын дагуу тэнхлэгээрээ тавцанд суурилуулсан чингэлэгтэй, доороо зоорийн хонгилтой, төмөр бетон багана, баганаа анкераар бэхэлсэн, блокон хана, хагас дугуй сараалжин хучилттай, сендвичин дээвэртэй, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байжээ