Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн гэх мэдээллийг иргэдэд өгөөд байсан юм. Иргэд энэхүү хувьцаагаа өөрийн дансандаа байршуулахын тулд үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн цахим хуудсанд хандаж, брокер дилерийн компаниар дансаа нээлгэсэн. Одоо тэрхүү үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас руу ороод шалгахад хэдэн ширхэг хувьцаа байгаа нь харагддаг. Гэтэл энэхүү хувьцаа нь одоо ямар ч хэрэгцээгүй хоосон тоо болсон аж. 2012 оны сонгуулийн амлалт, эрдэнийн хишиг хувь гэх 1072 ширхэг хувьцаа сонгуулийн шоу болоод өнгөрчээ. Учир нь тухайн үед нэг ширхэг хувцааг 900-1000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл иргэн бүр сая төгрөгийн хувьцаатай гэхээр гурван их наяд төгрөг болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгө “Эрдэнэс-Тавантолгой” компанид байхгүйгээс гадна төсөвт ч байхгүй. “1072 ширхэг хувцаа чинь байхгүй болсон гэдгийг улс төрчид иргэдэдээ хэлэх хэрэгтэй” хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн өгүүлжээ. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон төрийн байгууллага ямар ч тоо гаргаж ирж чадна. Сонгууль дөхөөд ирэхээр энэ мэтийн хоосон амлалт өгч иргэдийг хуурдагаа хэзээ болих бол. Энэ оны сонгуулиар бас л сайхан зүйлс амлаад түүндээ хүрэхгүй гэдэг нь энэ жишээнээс илхэн.

Эх сурвалж: Шуурхай.мн