Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтриг хоёрдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүний нөөцийг хөгжүүлэх болон уул уурхайн хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, манай улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, төсвийн бодлого төлөвлөлтийн талаар санал солилцсон юм.

Австрали Улсын Элчин сайдын яам 2015 оны 12 дугаар сараас Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхлүүлээд байна. Мөн өдөр Сангийн сайд Б.Болор Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Эд Жагерийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Сангийн сайд Монгол Улс Канадын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /СИДА/-ийн хөтөлбөрт хамрагдах орнуудын жагсаалтад орсонд таатай байгаагаа илэрхийлэн тус улсын анхны хөтөлбөр Монгол Улсын олборлох салбарыг чадавхижуулах төслөөр эхэлж байгааг онцлон тэмдэглэв. Сайд нар хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, манай улсын эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, төсвийн бодлого төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Сангийн сайд Б.Болор Канад Улсын Торонто хотноо гуравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Канадын хөгжлийн нийгэмлэгээс зохион байгуулж буй "Олборлох салбарын хөгжил, ирээдүй” сэдэвт чуулга уулзалтад оролцож байна.