Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ буур, хурдан тэмээ цугларсан хэн бүхний сэтгэл тэнийсэн “Монгол тэмээ-999” арга хэмжээ “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа “Тэмээчдийн зөвлөгөөн”—д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.

Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол Улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа.