Норвегийн Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан билээ. Энэ уралдаанд гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон бөгөөд багийн төрлөөр Б.Сумьяа алтан медаль авч Монгол улсын спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичүүлсэн.

"Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүр ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнав.

Тэрбээр медалиа авах гээд зогсож байхдаа маш их догдолж, баярласан гэдэг. "Өөрийгөө алтан медаль зүүж байгаадаа нэг л итгэж өгөхгүй. Ингээд авчихаж байгаа гэж үү л гэж бодогдсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Б.Сумъяа 2018 онд болох Пёнчаны олимпод орохын төлөө зүтгэж, бэлтгэлээ базаана гэдгээ амласан билээ.