Хаврын тэнгэр олон аашаа гаргаж өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч цасан шуурга шуурч хот хөдөөгүй онц байдал зарласан. Энэ үед залуус нэгдэж, хөдөө орон нутаг болон хотын замд цасанд суусан машин, төөрсөн иргэдэд тусалж монголчууд эвтэй байхдаа ямар их хүчтэй байдгийг харуулсан. Хэрэгтэй гэх бүхнийг авч тусламж хэрэгтэй газар руу тангараг өргөсөн онцгой байдлын албан хаагчдаас дутахааргүй зориглон явсан клубуудын нэг нь “MONGOLIAN PAJERO CLUB”. Тэдний хувьд өнгөрсөн жилээс эхлэн хөдөө орон нутаг болон хотын ойр орчимд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар нэгдэн өөрсдийн сайн дураар ажиллаж эхэлжээ. Харин энэ оны 1-р сараас ОБЕГ-тай харилцаа холбоотой ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын гамшигт онц байдлын үеэр Улаанбаатар хотын ойролцоох Морингийн даваа, Айдсын даваа, Хүй 7 худаг , Найрамдал, Тахилтын даваа орчим цасанд боогдсон 30 гаруй машин, 100 орчим хүнд тусалсан байна. Тэднийг өнөөдөр Зам, тээврийн сайд хүлээн авч, талархал илэрхийлсэн байна.