Турк Улс нь Турк-Монголын Боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэгээр дамжуулан Монголын ард түмэнд 400 тонн нүүрс тараах тусламжийн аяныг өнөөдөр зохион байгуулав. Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эмнэлэг орчмын иргэдэд нүүрс үнэ төлбөргүй тараажээ. Нийтдээ 60 тонн нүүрс тараасан бөгөөд нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон тусламж болгон өгчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон уг арга хэмжээнд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц. Батхүү "Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Тэр ч утгаараа хаврын урт өдрүүдэд Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаа Туркийн ард түмэнд талархаж байна" гэв.

Дээрх нийгэмлэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий болон Ховд аймгуудад дээрх тусламжийн аяныг үргэлжлүүлэх юм байна.