Туркийн нийслэл Анкара хотын төв Кизилай дүүргийн Гүвен цэцэрлэгт хүрээлэнд террорист халдлага гарч 32 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны сайд мэдээлэв.

Тус дүүрэг нь Анкара хотын нийтийн тээврийн хэрэгслийн шугамын томоохон буудлууд байрладаг хүн ам шигүү суурьшсан хөл хөдөлгөөнтэй бүс юм. Орон нутгийн Хуррьет сонингийн мэдээлж байгаагаар террористууд бага оврын суудлын машинд бэхэлсэн тэсрэх бөмбөгөө ажлын цаг дуусч Гүвен цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байх үеийг тааруулан дэлбэлжээ. Харин цагдаагийн газрынхны тодруулснаар дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр оройны 18 цаг 40 минут орчимд болсон гэв. Дэлбэрэлтийн улмаас дээрх тооны хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсноос гадна нийтийн тээврийн том оврын автобус машинаас гадна хэд хэдэн бага оврын машин шатсан байна. Албаныхан энэ хэргийн гол буруутныг Лалын улс бүлэглэлийн алан хядагчид гэж таамаглаж байгаагаа ч илэрхийлжээ.

Анкара хотод өнгөрсөн сард мөн адил халдлага гарч гуч орчим хүний аминд хүрч байсан билээ. Туркийн Ерөнхийлөгч Режип Таип Эрдоган алан хядагчид манай зэвсэгт хүчинд ялагдаж буй өшөөгөө террорист халдлага хийх замаар энгийн номхон иргэдээс авч байна гэж хэлж байсан юм.