Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү Н.Энхтуяатайгаа холбоотой албан тушаал, авилгалын хэрэгт сэжигтнээр, одоо МАХН байрлаж буй, АНУ-ын иргэн А.Гинсбургийн эзэмшилд байсан байрыг залилсан хэрэгт сэжигтнээр, Эрүүл Мэнд, Спортын Сайд асан Г.Шийлэгдамбын авилгал авсан хэрэгт гэрчээр тус тус тооцогдоод буй билээ. Мөн дахин нэмж, МАХН-ын гишүүн, Худалдан Авах ажиллагааны газрын дэд дарга асан, "Малчин" компаний эзэн С.Дашдондогийг залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой болжээ. С.Дашдондог нь УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшиж, аймгийн МАХН-ыг удирдаж, тус намаас төрийн тендерийг хариуцсан агентлагийн дэд даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярт 500 сая төгрөгөө залилуулсан хэмээн хуулийн байгууллагад өргөдөл гаргажээ. МАХН-ын гишүүн С.Дашдондогийн өргөдөлтэй холбоотойгоор ийнхүү Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчид холбогдох дөрөв дэхь хавтаст хэрэг үүсч буй юм.

Уг хэргүүдтэй холбогдуулан хуулийн байгууллагаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбогдож, мэдүүлэг, тайлбар өгөхийг хүссэн ч тэрээр боломжгүй гэдгээ шуудхан хэлж, одоог хүртэл очоогүй байгаа билээ.

Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч Н.Энхбаяр хэрэв хуулийн байгууллагад очиж, тайлбар өгөхгүй хэвээр байвал түүнийг албадан саатуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг эх сурвалжууд өгүүлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын ойр тойрныхон ч үүнд бэлтгэлтэй байгаа бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Н.Энхбаяр даргыг баривчлах байх. Зохиол нь тэгж бичигдсэн юм шиг байна лээ" хэмээн өгүүлжээ.

 

П.Мандах

sonin.mn