Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгах ажлын хэсгийнхэн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын сургийг гаргажээ. Түүнийг дээрх хэрэгт сэжигтнээр татан байцаан шалгах шаардлага тулгарсан.

Гэвч тэрээр өдгөө хилийн чанадад байгаа тул интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр эдүгээ АНУ-д буй бөгөөд тус улсын иргэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. АНУ-ын иргэн болсон тул Монгол руу татан авчрахад багагүй хугацаа орох болоод байгааг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр эх орноосоо явснаас хойш Англи, Америк хоёрын дунд явж байгааг тогтоожээ. Англи руу 7-8 удаа нисэж Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг боловсруулсан гэх “Сидней Аустинг” компанийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа юм байна. Ч.Ганбат АНУ-ын паспортоор хил нэвтэрсэн бөгөөд биедээ таван Монгол Улсын гадаад паспорттой байсан гэнэ. Иймд интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй сэжигтнийг олон улсын гэрээний дагуу баривчилж болох ч ямар хэрэгт шалгагдаж байгаагаас нь шалтгаалдаг аж.

Тухайлбал, терроризмын гэмт хэрэгт холбогдсон энэ чиглэлийн үйл ажиллагаа хийхийг завдаж буй болон санхүүжүүлсэн гэх хэрэгт шалгагдаж буй сэжигтэнг шууд баривчилдаг юм байна. Харин интерполд Ч.Ганбат нь 41 настай, монгол, англи, орос хэлтэй, мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байсан ажээ. АНУ-ын иргэн гэдэг паспортоор зорчсон тул төдийлөн баривчлагдах шалтгаан болоогүй бололтой. АНУ-ын иргэн Ч.Ганбат Монгол Улсын иргэнээс гарах хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээгээгүй, УБЕГ-ын бүртгэлийн сангаас хасагдаагүй мөртлөө хэрхэн иргэншлээ сольж чадсан бэ гэдэг нь анхаарал татаж байна. УБЕГ-аас хуурамч материал бүрдүүлэн баримт бичигтэй болсон байх магадлал өндөр болж иржээ.

Дээрх мэдээллийн дагуу түүнийг ямар ямар гадаад паспорттой явсан болохыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэргийг шалгах ажлын хэсгийнхэн тогтоож, холбогдох газруудаас лавлагаа авчээ. Үүгээр бол Ч.Ганбат нь Монгол Улсын таван гадаад паспорттой болох нь тогтоогджээ. Паспортын серийнх нь сүүлийн орнуудыг нь нууцлан дурдвал А серийн буюу ногоон өнгөтэй албан паспорт, А0030.., А0021.., Е серийн буюу улаан өнгөтэй энгийн паспорт Е548.., Е0548.., Е066.., тус тус байсан байна.

“Шинэ төмөр зам төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагч байхдаа хийсэн шилжилт хөдөлгөөн гэдгийг доорх жагсаалтаас харна уу. Гадаадын компаниудтай холбогдсон, зуучилсан хууль бусаар гарсан мөнгөний урсгалыг хариуцаж байсан байж болзошгүй гэх баримт олдоод байгаа бололтой.

Үргэлжлэлийг "Өдрийн сонин"-ы 2016.03.11-ний дугаараас уншина уу

http://dnn.mn/plugins/news/login/