Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийг бусадтай харьцуулахад өвөрмөц бас ч үгүй хашир сонгогчидтой онцлог тойрог гэж хэлж болно. Ингэж хэлэхийн учир нь үе үеийн УИХ-ын сонгуульд МАН буюу хуучнаар МАХН ялалт байгуулж байсантай холбоотой юм. 1992 оноос хойш Булганыг парламентад төлөөлөн суусан гишүүдийг авч үзвэл ердөө 1996 онд л Ардчилсан холбоо ялалт байгуулж байв.

Бусдаар бол сонгуулийн дөрөвдүгээр тойрог болох Булган аймагт 1992 онд МАН-аас нэр дэвшсэн доктор Ж.Болдбаатар, С.Гүндэнбал, 2000 онд Л.Энэбиш, Ч.Раднаа, 2004 онд Ц.Цэнгэл, Ч.Раднаа, 2008 онд Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, 2012 онд Ё.Отгонбаяр нар УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.

Ямартай ч одоогийн байдлаар нэг мандаттай энэ тойрогт АН-аас Д.Эрдэнэбатыг дэвшүүлэхээр болоод байгаа аж. Тэрээр 2012 оноос хойш Булган аймгийн Засаг даргаар ажиллаж буй. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн Д.Эрдэнэбат нь Монголбанкинд мэргэжилтэн, “Хуримт Итгэл”, “Хуримт-Уул” компанийн захирлаар ажилласан намтартай. Мөн 2010 онд Булган аймгийн АН-ын дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон байна.

Уг нь АН энэ тойрогт гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаярыг сойхоор төлөвлөж байж. УИХ-ын гишүүн Х.Баттулга ах нь ч түүнийг улс төрд хүч үзэж, төрөлх нутагтаа нэр дэвшихийг дэмжсэн гэнэ. Мэдээж улс төрийн мэдлэг, туршлагыг нь бус спортод гаргасан гавьяаг нь хүндэтгэн нутгийн зон олон нь гавьяатыг хоёр гараа өргөөд дэмжинэ гэж АН-ын удирдлагууд тооцсон хэрэг. Харин нутгийнхан нь Н.Түвшинбаярыг улс төрд биш цаашдын олимпийн тэмцээнүүдэд амжилттай оролцохыг зөвлөсөн учир тэрээр нэрээ татсан гэнэ. Энэ тойрогт АН-аас товойж гарч ирсэн нэр дэвшигч Засаг даргаас өөр алга. Өмнө ч АН-ын хувьд сул тойрог байсан юм.

Тэгвэл энэ тойрогт МАН-аас нэр дэвших хэд хэдэн хүний нэр явж байгаа. Одоогийн байдлаар тус аймгийн МАН-ын дарга, Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ дэвшинэ гэх мэдээлэл бий. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийг нутагтаа үдэж буй нэгэн. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дахиж үзэх магадлал маш өндөр. Түүнээс гадна “UFC” группын ерөнхийлөгч О.Амартүвшин, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, “Монполимет”-ийн ерөнхийлөгч Ц.Гарамжавын нэр ч дуулдана. Ганцхан мандаттай тус тойрог дээр МАН-ын нэр дэвшигчийн өрсөлдөөн их бий. Ё.Отгонбаяр гишүүн өмнө нь Боловсролын сайд байхдаа байнга л нутагтаа ажилладаг “Булганы сайд” гэдэг нэртэй байв. Энэ удаад тэрээр намын нэрийн жагсаалтад орчихвол Ж.Бат-Эрдэнэ, О.Амартүвшин нар МАН-аас нэр дэвшихээр өрсөлдөх болов уу.

Одоогоор АН, МАН-ын нэр дэвшигчид дээрх хэмжээнд яригдаж байгаа бол бусад улс төрийн хүчнээс дэвших хүмүүсийн нэр битүү байна. 2012 оны сонгуульд АН-аас Д.Түмэнжаргал, ИЗНН-аас Ц.Буянзаяа, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Дашдондог нар нэр дэвшиж байсан билээ. Ямартай ч улаан тойрог энэ жил өнгөө солих эсэхийг сонгогчид нь мэдэх биз.