Монгол Улсын Филармони нь энэ оны 3-р сард Гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлд ээлтэй орчинг бүрдүүлэх, хөгжмийн урлагийн ач холбогдлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИД НЭГ ГЭР БҮЛ” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд төлөвлөгөөт 5 удаагийн тоглолт тоглогдох бөгөөд ээлжит тоглолт нь энэ 7 хоногт болох гэж байна. Монгол цэргийн өдөрт зориулсан “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” баярын тоглолт 3-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж. Тус тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, гоцлол дуучдын хамт удирдаач соёлын тэргүүний ажилтан С.Саруул-одын удирдлага дор та бидний сайн мэдэх олон сайхан дуунуудыг тоглох гэнэ.

Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 дугаарын утаснаас лавлах боломжтой.