Мүүн хэмээх гаж урсгалын талаар хөдлөшгүй баримттай “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг гарч, уг шашныг сурталчилдаг албан ёсны байгууллагаас өөрсдийн шашны урсгалаа өмөөрсөн, зөвтгөсөн тайлбаруудыг гаргасаар байна.

Өөрөөр хэлбэл “Mongolian Family Church”хэмээх нэртэй фейсбүүкийн хуудсаар дамжуулан тайлбар гаргахдаа Монгол ёсолгоо мүүн ёсолгоо хоёр яльгүй ялгаатай, Манай сүм 2001,2002 оны үед залуусыг амьдаар нь оршуулах зан үйлийг зөвхөн монгол туршиж байсан. Энэ нь “залууст үхлийг мэдрүүлэх, амьдралдаа амжилт гаргахад нь дэм болохын төлөө цочрол өгөх зорилготой байсан. Мөн үр дүнгээ өгч байсан”гэжээ.

Тэгэхээр тэд телевизээр гарсан зүйл ямар ч байсан үнэн гэхдээ бидний зөв гэж байна гэсэн үг.

Тэд мүүний шашинаа зөвтгөхдөө ингэж тайлбарлажээ “Мүүн багшийн зааж сургаснаар тухайн хүн тодорхой хугацаанд Бурханыг таньж мэдэх, сүнсэн ертөнцийг мэдрэх хийгээд өөрийн зүрх сэтгэлээ сонсож, зөв буруугаа ялгаж салгаж сурсан бол шашны замналаар үргэлжлүүлэн замнах шаардлагагүй, шашны эрин зууны төгсгөлийг бид авчирах ёстой гэж сургадаг. Өөрөөр хэлбэл шашин бол эцсийн зорилго биш аз жаргалтай, эрүүл саруул дэлхий ертөнц бидний зорилго юм. Шашин бол энэ зорилгодоо хүрэх арга замуудын л нэг юм гэж үргэлж сургадаг. Мөн гэр бүлээ хайрлах, гэр бүлтэй болтлоо ариун байх. Гэр бүл болсон бол насан туршдаа үнэнч байхыг зааж сургадаг гэнэ.

Тэгэхээр Монголчуудын сул тал дээр нь тоглолт хийж, орж ирсэн шашны гаж урсгал байх нь байна. Гэр бүлдээ үнэнч байх гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрэх гэдэг бол манайхны хэрэгжүүлж чаддаггүй хамгийн сул тал. Мүүнээр дамжигдан хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн тухай яриагарсан байгаа. Тэгвэл Солонгос хүний бичиж явуулсан бүхэн үнэн гэж итгээд зургийг нь харж гэр бүл болохоо шийдсэн тэнэг чиний хохь гэж хэлж болохоор байна. Эцэг эхээс зөв хүмүүжил төлөвшлийг олсон, өөрийн гэсэн үзэл бодолтой, муу зүйлд автахааргүй дархлаа суусан, аливаа зүйлийг бодитоор бодож, сэтгэдэг бүсгүйчүүд ийм зүйлд автахгүй.

Мөн Мүүн багшийн зааснаас харахад аливаа зүйлийг эрүүлээр харж, бодитоор дүгнэж, аз жаргалыг мэдэрсэн бол заавал шашин хэрэггүй гэж байна. Тэгэхээр аливааг бодитоор хардаггүй, аз жаргал, зовлон гунигаа ч ялгадаггүй, боловсрол нимгэн өөрөөр хэлбэл өөрийгөө олоогүй хүмүүс Мүүнд автдаг байх нь байна.

Ямартай ч Мүүн гэдэг нь Солонгос хүн мөн ч уг шашныг Солонгост хорьсон ажээ. Орос, Хятадад ч хориотой юм байна. Харин дэлхийн хамгийн ядуу буурай, иргэд нь ажилгүй, орлоггүй, улсуудад хөгжин цэцэглэдэг байна. Солонгост амьдарч буй Монголчуудаас Мүүний тухай асуухад: мэдэхгүй сонирхох завгүй, гаж урсгал, солонгост хорьсон, тэнэгүүд нь итгэдэг шашин зэрэг хариултыг өгчээ.

Тэгэхээр монголчууд амьдралын төлөө завгүй зүтгэдэг, зүтгэх бүх боломж нөхцөл нь бүрдсэн, бага наснаас нь гэр бүлийн зөв төлөвшилтэй, боловсролын бодлогоор хичээнгүй хөдөлмөрч үнэнч шудрага иргэдийг бэлтгээд ирвэл ямарч гаж урсгалд автахгүй байх боломжтой байх нь байна.

Одоогоор эдийн засгийн хувьд ядуугаас гадна мухар сүсэгт гүн итгэдэг сэтгэлгээний ядууралтай байгаа өнөө цагт манайд ямарч гаж урсгал хэзээ хаанаас яаж ч хөгжиж болохоор байна. Улс төрийн томоохон албан тушаалтнууд Мүүнд холбоотой гэх мэдээллээс хараад гуравхан сая монголчуудыг ядуу байлгадаг зорилго нь Мүүнд урвуулах юм болов уу ч гэж хардах юм. Юун түрүүнд иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ хүмүүжил боловсрол, итгэл үнэмшилд нь онцгой анхаарч, мууд татагдахгүй байх дархлаа суулгах хэрэгтэй. Таны хүүхэд бол таны бүтээсэн бүтээгдэхүүн. Тиймээс ямар хүн болж, яаж амьдрах нь таниас ихээхэн хамаарна. Мүүн гэж хашгирхаасаа өмнө нь өөрийгөө бас хүүхдээ нэг анзаараарай.

Н.Ганаа