Сүүлийн арваад жил манай өндөр дээдсүүд АН, МАН-гүй л Н.Энхбаяр гэж нөхөртэй "ноцолдлоо". Салж нийлээд, манан будан үүсгээд үзээд л байлаа. Ямар ч албан тушаалгүй ганц нөхрийг бардаггүй "шаарнууд" бололтой. Энэ нь улс орны амьдрал сайнгүй байхад улстөрийн нэг муу хуучин кадартай ноцолдохоос өөр ажил байдаггүй юм уу гэж бухимдахад хүргэнэ.

Эс бөгөөс энэ Н.Энхбаяр гэж нэг тамтай нөхөр мөрөөрөө амьдарч болдоггүй юм байхдаа гэж хүртэл гайхширна. Ингэхэд Н.Энхбаяр гэж ер нь яачихсан нөхөр вэ. Улстөрд ямар нэг хөдөлгөөн хийх гэхээр нь хуулиар хорино. Болохгүй бол шоронд хийчихнэ. Хамтрах гэснийг нь албан тушаалаас нь буулгачихна. Хамтраад улстөр болон тоглож байгаа нэгийг нь шоронд хийчихнэ. Сугдаж яваа нэг нь гэнэт өөрийнх нь эсрэг мэдээлэл хийчихнэ. Өндөр дээдсүүд маань түүнийг харахаар "Чоно харсан хонь" мэт болцгооно. Гэтэл сонгууль болохоор түүний нэрний өмнөөс ард олон санал өгөөд УИХ-д арав гаруй суудалтай бүлэг бий болгочихно. Түүнээс бус "Шударга ёс" эвслийн зарим нөхөд өөрийнхөө сайнд УИХ-д суучихсан ч биш шүү дээ. Өнөөдөр түүнийг Төрийн ордонд очиход буг чөтгөртэй таарсан мэт аашилж байхад нэг хэсэг нөхөд бурхан заларсан мэт хүндлэх аж. Тэр ер нь ямар заяанд төрсөн амьтан бэ.

 

Өнөөдрийн байдлаар Н.Энхбаярыг хүн болгон ад үзэх янзтай, тэр тусмаа улстөрчид, улстөрд өндөр дээд албан тушаал хашиж байгаа нөхөд бол бүр ч айдастай байхыг бодоход тэр маш аюултай хүн бололтой. Эсвэл тэр зөвхөн өндөр дээдэст аюултай юу, нөгөө бол нийт монголчуудад аюултай юу, бүр нөгөө бол нийт хүн төрөлхтөнд аюултай юу хэмээн эргэцүүлэхэд хүргэж байна. Одоогийн байдлаар манай эрхэм дээдсүүдийн ганц хийдэг ажиллагаа нь Н.Энхбаярын эсрэг. Ер нь хийж байгаа ажил нь энэ гээд хэлчихсэн ч болохгүй юм алга. Төрөлх намтай нь нийлж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд унагаад авсан. Үүнийхээ дараа улстөрийнх нь бүхий л гарцыг хаасан. Сүүлдээ дийлэхээ болиод шоронд хорив. Одоо бараг буудахдаа тулж байна. Арай гайгүй нүүрээ харуулж, гэрээ байгуулсан Н.Алтанхуягийг Ерөнхий сайдынх нь албан тушаалаас буулгачихлаа. Үүнээс харвал түүнд тал өгсөн хэнийг боловч өршөөхгүй Төрийн алба ажиллаж байгааг ганцхан энэ жишээ хангалттай харуулж чадна.

 

Одоо дийлдэхээ больж байх шиг. Эсвэл, бүр МАХН дотроос нь түймэр дэгдээх ажиллагааг тун гаргууд зохион байгуулж эхэллээ. Юун эдийн засгийн хямрал. Улс орны байдал вэ. Г.Шийлэгдамбыг баривчилсан энэ тэр бол Н.Энхбаяраас л болсон хэрэг шүү дээ. Тэр Н.Энхбаярын хамтрагч байгаагүй бол ямар ч хэрэг өдүүлсэн өнөөдөр ял зэмгүй амьдарч л байгаа. Ял тулгуулж, нарсанд суухдаа тулсан Г.Шийлэгдамба амь нь гарахдаа тулахаар өнөөх Н.Энхбаяр руугаа хамаг буруугаа тохсон гэмээр мэдээллийг нээлттэй хийсэн. Үүнийг өөрөө зоргоороо хийсэн гэхээсээ илүүтэй дарамт шахалт байна уу гэмээр нөхцөлд байв даа. Ард олон нийтээрээ л харсан. Ерөөсөө намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол санхүүгийн асуудлыг тэр чигт нь зохицуулах үүрэг хүлээсэн хүн. Энэ тал дээр хөрөнгө босгохоос эхлээд мөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зохион байгуулах нь бичигдээгүй хууль. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг намын бүхий л Ерөнхий нарийн бичгийн дарга нарт байдаг зүйл. Үүнд заавал Г.Шийлэгдамбыг онцлоод байх хэрэггүй. Г.Шийлэгдамбын өдүүлсэн гээд байгаа мөнгөний хэргийг 10, магадгүй 100 дахин нугалсан хэргийг бусад намын Ерөнхий нарийн бигчийн дарга нар өдөр бүр шахам хийж байгаа. Чухам яагаад Г.Шийлэгдамба гэж. Мэдээж Н.Энхбаяр. Тиймээс ч тэрээр нэлээд дарамтан дунд намынхаа даргыг буруутгаад авлаа. Үүнийг МАХН-ын даргын эсрэг өрнүүлж байгаа ажиллагааны нэг хэсэг гэж ойлгож болно.

 

Ийнхүү Г.Шийлэгдамбын араас Л.Цог гэгч нөхөр Н.Энхбаярыг буруутгаад эхэллээ. Г.Шийлэгдамбын тухайд өнөөдөртөө намынхаа даргад үнэнч үлдээд байгаа Э.Эрдэнэжамъян хэлэхдээ "Өөрөө авилга авчихаад яг баригдаад, гардуулчихсан учир намдаа өгөх гэж байсан юм гэж хэлээд нэр цэвэр үлдэх гэсэн арга ядсан үйлдэл. Тэр хүн мөнгө аваад, намд хандивлах гэж байгаагаа бид нарт урьд нь хэлээгүй. Өнөөдөр харин ч хүн чанар гаргаж, журмын нөхөр минь, бүдэрсэн дээр нь түлхээд яах вэ, хөөрхий минь, эвий минь гээд байхад өөрийнхөө гэмт үйлдлийг намынхаа дарга руу чихэх гэж оролдож байна. Муу арчаагүй авилгач тэр Г.Шийдэгдамба. Түүнтэй бид нарт ярих юм байхгүй" хэмээн хэлэх үгээ олж ядсан байна лээ. Эндээс харвал Н.Энхбаяр Г.Шийлэгдамбыг хөлдөө чирэх, эсвэл Н.Энхбаярыг Г.Шийлэгдамба хөлдөө чирэх хоёрхон зам хүлээж буй. Авдаг ялаа авч, эдлэх хугацаагаа эдэлчихсэн Н.Энхбаярт өдгөө айх зүйлгүй. Одоо бол тэр хэзээ ч өөрийгөө егүүтгэх хэмжээний мэдүүлэг өгөхгүй. Уг нь бол тэр Г.Шийлэгдамбын хөлд чирэгдэх хүн биш. Хамгийн том айдас бол улстөр, бусад хүчин зүйлсээс Н.Энхбаярт сөрөг нөлөөлөл ирж, Г.Шийлэгдамбад эерэг нөлөөлөл үүсэх магадлал бий. Яагаад гэхээр өнөөдрийн бүхий л үйл ажиллагаа түүний эсрэг байгаа. Сонгууль дөхөж Н.Энхбаярын улстөрийн үйл ажиллагаа ил далд идэвхжиж буй өнөө үед цаашдын ирээдүйг таамаглах нь өрөөсгөл болох биз.

 

Нэгэнтээ даргынхаа үгийг үг дуугүй биелүүлдэг байсан намынх нь генсек ийнхүү хэвлэл мэдээллээр даргаа буруутгасан маргаан тасраагүй байхад Л.Цог гэгч нөхөр нэрмээс болж байгаа нь тун таагүй мэдээлэл. Тэрээр Н.Энхбаярыг нэг сая ам.доллар нэхсэн хэмээн мэдэгдсэн нь өнөөдөр бусдын олз болж, Н.Энхбаярын хавтаст хэргийг зузаалав бололтой. Магадгүй, Л.Цог өөрөө өөртөө нэгэн гэмт хэргийн хавтас шинээр нээсэн ч байж болохоор зөрүүтэй мэдэгдэл гарах болов. Тухайлбал, МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "Энэ байрыг намдаа ав" гэж Н.Энхбаяр даргад анх шахсан хүн Л.Цог гишүүн байхгүй юу. Үүнийг би хэвлэлийнхэн та нарт хэлчихье. "Нам байртай болох хэрэгтэй байна" гэж Л.Цог Н.Энхбаяр даргад хэлсэн. Тэрбээр миний таньдаг хүмүүс байр зарах гээд Н.Энхбаяр даргыг шахаж, зуучилсан байхгүй юу. Байраа авсны дараа нөгөө хүмүүс нь дахиад нэг сая доллар нэхээд байна гэж худлаа хэлээд хүний нэр барьсан хүн нь Л.Цог дарга өөрөө. Энэ асуудлыг манай намынхан бүгд мэднэ. Яагаад гэвэл хурал дээр намын дарга ярьж байсан юм. Тухайн үед намын дарга "Ийм асуудал болсон юм бол наад бантангаа өөрөө цэвэрлэ. Чи наад сая доллараа хандив босгоод ол л доо. Би шоронд байгаа хүн яаж наад мөнгийг чинь олох юм бэ? Эсвэл миний өмчид байдаг зүйлийг зарж байгаад наад мөнгөө өг. Та нар намайг яагаад зовоогоод байгаа юм бэ" гэж хурал дээр олон түмний нүдэн дээр хэлж байсан" гэснээс харахад Л.Цог өөрөө өөрийгөө бариад өгчихөв үү гэмээр харагдана.

 

Олон жилийн өмнө "Логийн Цог, Хогийн Цог болжээ" хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байсныг санаж байна. Тэр бол улстөрд шинэ хүн биш. Цагтаа Хууль зүйн сайдын албанд морилж асан энэ нөхөр нам нам дамжиж явсаар 2012 оны сонгуулиар Н.Энхбаярын нөмөр бараадаж УИХ-д орж ирсэн нь туйлын үнэн. Зөвхөн эндээс харахад л хүний үнэргүй зан гаргаж байгаа бололтой. Өнөөх аалзны тор гэдэг шиг сүлжээ үүсгэж, олон хүнийг хөлдөө чирэх мэдэгдэл хийсэн ч байхыг үгүйсгэх арга алга. Амин хувийн ашиг хонжоо харсан улстөрийн нүүдэл заавал "хар мөртэй" байдаг даа.

 

Мөн МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "...АТГ-т хэрэг үүсгүүлээд, өөрийнхөө олж ирсэн, өөрийнхөө зуучилсан байрны асуудлаар залилангийн хэрэгт хутгаж аваад, гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь урвагч Л.Цог. Ийм хогийн юм хийхээ боль Л.Цог дарга аа. Харин ч таны насыг бодоод дуугүй байсан. Иймэрхүү урваж шарвасан, манай намыг хорлох гэж орж ирсэн шулмас шиг юмнууд зөндөө байгаа" гэх зэргээр муу Л.Цогийг газар доогуур ортол хэлсэн байна лээ. Улстөрийн тэтгэвэрт гарчихсан Л.Цог ч яахав, гэртээ суучих байх. Харин улстөрд ирээдүйн зам харж суугаа олон залуус ийн бухимдаж байгаа байх.

 

Мөн нөгөө талаас Худалдан авах ажиллагааны дарга асан С.Дашдондог гэгч нөхөр Н.Энхбаяр надаас намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөг авсан. Одоо болохоор мин ймөнгийг өгөхгүй байна хэмээн хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар дэлгээд авсан. Аанай л Н.Энхбаярын хамгаалагч "С.Дашдондог гэж мэдрэл муутай хүн хачин юм яриад яваад байгаа. Өөрөө сонгуулийн үеэр МАХН-ын үйл ажиллагааг дэмжинэ гээд хандив өгч явсан. Өөрөө Булган аймагт нэр дэвшихдээ баахан мөнгө зарцуулсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо намд илүү их хандив өгсөн учраас буцааж мөнгөө авъя. Намын албан тушаалд томилогдох гэтэл намайг дэмжээгүй юм гэсэн сонин юм ярьсан. Хэрвээ албан тушаалд томилсон бол 500 сая төгрөгөө нэхэхгүй байх нь. Яг үнэндээ ийм хүнийг шантаажчин гэж хэлнэ. Тэрнээс биш сонгуульд нэр дэвшүүлэх бололцоог нь олгосон. Хамтдаа зүтгэе гэсэн хүмүүс шантаажчин биш юмаа. Харин тодорхой хэмжээний мөнгө намд зарцуулчихаад намайг албан тушаалд тавь гэх нь шантааж. Үнэндээ Худалдан авах ажиллагааны дэд даргаар томилсон шүү дээ. Дараа нь дахиад сайд болъё гэж шантаажилсан. Тэгэхээр нь тавиагүй болохоор мөнгөө нэхэж шантаажилж байгаа нь энэ юм уу даа" хэмээсэн. Тэр ч бүү хэл С.Дашдондог өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ тухайд "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд- капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна" гэсэн пост бичсэн юм. Юуны учир МАХН дотроос Н.Энхбаярын эсрэг бослого гараад байна вэ. Тэр тусмаа мөнгө хөрөнгөтэй асуудлаар бослого дэгдэж байгаа нь сайны хэрэг огт биш.

 

Ингэхэд улс орны ажил хийлгэхгүй, эрх баригчдыг зөвхөн өөрийнхөө зүг анхаарлыг нь сорчихоод байгаа Н.Энхбаяр зүгээр гэртээ сууж болдоггүй хэрэг үү. Орчуулгаа хийгээд ууландаа авираад байхад он цаг нэг л мэдэхэд насны хярд лавхан аваачина даа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бурханы суудал хэмээн манай нэгэн ахмад парламентч хэлээд, "Н.Энхбаяр энэ бурхны суудалд сууж үзсэн хүн байж ахин улстөрд шунах хэрэггүй" гэж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн.

 

Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны есдүгээр сар хүртэл Төрд ямар нэгэн албан тушаал хаших нь хориотой хэмээн АТГ-аас мэдээлсэн. Хууль зүйн үндэслэлээр нь ийнхүү мэдээлэл хийсэн. Гэтэл МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян АТГ-ын дээрх албан мэдээллийг үгүйсгэсэн байна лээ. Чухам тэр хууль зүйн үндэслэлийг нь нарийн тайлбарлах аргагүй учир юугаа мэдэхэв. Энэ Н.Энхбаяр гэж ер нь яачихсан нөхөр вэ гэж гайхаж л сууна.

 

Эх сурвалж: "Үндэсний мэдээ" сонин

С.Ууганбаяр