Сонголт нь тодорхой болоод тогтчихсон гэмээр, элдэв тийшээ нэг их савладаггүй тойрог цөөнгүй бий. Увс, Ховд, Төв аймгийнхан 2000 оноос хойшхи сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд нэг улстөрийн хүчнийг сонгосоор ирсэн байдаг.

Булганыхан ч мөн адил. Булган аймаг сонгуулийн газрын зургаар бол дөрөвдүгээр тойрог юм. Энэ тойргийнхон 1996 онд “Ардчилсан холбоо” эвслийг дэмжин хоёр нэр дэвшигчийг нь УИХ-д элчээрээ илгээсэн.

Харин 2000 онд энэ сонголтоо 100 хувь эргүүлж тухайн үеийн МАХН-ынханд итгэл үзүүлсэн. Энэ сонголт өнөөг болтол өөрчлөгдөөгүй байгаа юм. 2016 онд Булган аймгийн дөрөвдүгээр тойргийн өнгө ямар байх нь вэ гэдгийг төсөөлөх гээд үзье. 2012 оноос эхлэн нэг мандаттай болсон тус тойрогт нэр дэвшихээр горилж байгаа хүн олон.

Эрх баригч АН-аас аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, аймгийн МоАХ-ны дарга Б.Батсайхан нарын хэн нэг нэр дэвших магадлал хамгийн өндөр. Д.Эрдэнэбат Засаг даргын хувьд сайнаар ч, муугаар ч бишгүй хэлэгддэг, чамгүй баян, хөрөнгөлөгзасаг ноёдын нэг. Харин Б.Батсайхан бол БНН-ын дарга, “Буян” компаний захирал Б.Жаргалсайханы төрсөн дүү. Тэгвэл МАН-аас эдүгээгийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дахин нэр дэвших магадлалтай. Мөн тус намаас аймгийн МАН-ын хорооны дарга, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвших сонирхолтой байгаа ажээ.

Булган аймгийн дөрөвдүгээр тойрогт 2012 онд АН, МАН-аас гадна ИЗНН, МУНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, “Гурав дахь хүчин” эвсэл, Иргэний хөдөлгөөний нам нэр дэвшигчдээ өрсөлдүүлж байсан юм. Эдгээр нам, эвслээс энэ жилийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхой биш байгаа юм. Тэгээд ч энэ тойргийн хувьд АН, МАН хоёрын дунд л гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Мэдээж МАН-ынхан орон нутаг дахь “улаан тойрог”-оо хэвээр хадгалж үлдэхийг хичээж таарна.

АН-ынхан ялалтын тойргоо нэгээр нэмж цэнхэртүүлэхийн төлөө ажиллана. Энэ тойргийн нэг онцлог нь ганцхан мандаттай. Тиймээс сонгуулиас өмнө нэр дэвшихийггорилогчдын дунд нам дотроо ширүүхэн өрсөлдөөн болох байх. Энэ өрсөлдөөн хэр шударга болж, зөв хүнээ дэвшүүлж чадсан эсэхээс тухайн нам “улаан тойрог”-т тугаа хатгах уу, үгүй юү гэдэг нь шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Булганы тойргийн хувь заяа сонгогчид нь биш намууд шийднэ гэж хэлж болох юм.

БУЛГАН АЙМГААС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД
1996 он: Я.Эрхэмбаяр
(Ардчилсан холбоо эвсэл), Д.Дашпүрэв (Ардчилсан холбоо эвсэл)
2000 он: Л.Энэбиш (МАХН), Ч.Раднаа (МАХН)
2004 он: Ч.Раднаа (МАХН),
Ц.Цэнгэл (МАХН)
2008 он: Э.Мөнх-Очир
(МАХН), Ц.Цэнгэл (МАХН)
2012 он: Ё.Отгонбаяр (МАН) 2016 он: ?

 

Г.САНЧИР

/АРДЫН ЭРХ/