УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы завсарлагааны энэ хугацаанд Төв, Булган аймагт ажиллаж УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, хууль сурталчилах ажил хийж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Булган аймгийн Рашаант зэрэг сумдад ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзан, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Өнгөрсөн намрын чуулганаар Төсвийн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг хэлэлцэж баталсан. Тэгвэл орон нутгийн иргэд дээрх хуулиудын хэрэгжилт, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, эдийн засгийн хүндрэлийн талаар парламентийн гишүүнтэй санал солилцож, зарим хуулийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, 2016 оны Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэд ихээхэн санал, шүүмж хэллээ. Энэ он гарсаар төсөвт байгууллагуудын ажилчдын цалин нэмэгдэх нь битгий хэл 10 хувиар буурч байгааг орон нутгийн иргэд ярьж байсан. Төрийн албан хаагчдын цалин буураагүй гэж байгаа ч бодит байдал дээрээ байгууллагуудын төсөв танагдсанаас үүдэн ажилчдын цалинд нөлөөлж орон тоо хасагдах, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх зэрэг үйл явц гарч байгааг иргэд дуулгалаа. Жишээлбэл, Дэлгэрхаан сумын эмнэлгийн төсөв танагдсанаас шалтгаалан орон тоогоо цөөлж, эмчлүүлэгчдэд хоол бэлтгэх тогоочгүй болсон байна.

Орон нутагт хэрэгжүүлж буй төр, засгийн бодлого шийдвэрийн талаар иргэд мөн шүүмжлэлтэй хандаж байсан. Ялангуяа засаг, захиргааны нэгжид улстөржилт газар авч намын харьяалалаар иргэдийг гадуурхах, ажлаас халах байдал газар авч байгааг уулзалт болгон дээр иргэд хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболдын ажилласан дийлэнх сумдад хаваржилт хүндэлсэн байна. Орон нутгийн удирдлагууд малчидтайгаа хамжин өвс, тэжээл боломжоороо татаж байгаа ч олдоц бага, дээр нь өвсний үнэ тэнгэрт хандсан нь орон нутгийн иргэдийн эдийн засаг, хаваржилтын байдлийг бүр хүндрүүлжээ. Дэлхийн зөн, Улаан загалмайн нийгэмлэгээс өөр тусламж, дэмжлэг үзүүлж буй байгуулллага, төр засаг байхгүй байна. Малын түүхий эд, махны үнэ унасан, ажилтай, ажилгүй бүх иргэн банкны зээлтэй, өртэй амьдарч байгаа гээд хөдөө, орон нутагт эдийн засаг хамгийн хүндрэлтэй байгааг сумдын иргэд уулзалт болгон дээр ярьж байв. Малчдын зээлийн хүү буурсан гэх сүртэй сурталчилгаа бодит байдал дээрээ мөн хэрэгжихгүй байгаа аж. Банкууд зээлийн шалгуураа өндөрсгөснөөс бус хүүгээ бууруулж, зээл олгох ажил нь зогсонги байдалд орсон гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдтэй уулзах үеэр төсөвт байгууллагын ажилчдын цалин буурсан, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авч чаддаггүй гээд нийгмийн халамж үйлчилгээ дутмаг, төрөөс хэрэгжүүлж буй зарим бодлого, шийдвэрт сэтгэл дундуур байгааг голчлон ярьсан. Түүнчлэн НӨАТ-ын хууль жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хаалгаа барьж дампуурахад хүргэж байгаа талаар иргэд бухимдан ярилаа. 2200 гаруй хүн амтай энэ багт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутагдалтай, мэргэжлийн эмч байхгүйгээс хэн нэгэн өвдвөл аймгийн төв, ойролцоох сум баг руу явахаас өөр сонголтгүй байгааг анхааралдаа авч холбогдох төрийн байгууллагад уламжилж өгөхийг УИХ-ын гишүүнээс хүсч байв.

Эх сурвалж:Zaluu.com