Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг ухуулахгүй хэмээн "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн өнгөрсөн жилээс өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа. Хэдийгээр өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцсэн ч УИХ-аас Гацууртын ордыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж тус ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Тиймээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өмгөөлөгч Г.Батбаяр нар “Сентерра гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгосон, түүнийг цуцлах үндэслэлтэй хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаа.

Захиргааны хэрэг үүссэнтэй холбоотойгоор уг маргааныг эцэслэн шийдэх хүртэл Гацууртын ордод “гар хүрэхгүй” байх хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн байна. 2016 оны 03-р сарын 24-ны өдрийн 10:30 цагт Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болох юм. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал хүсэлт гаргаад байна. Хүсэлтэд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж өгнө гэжээ.

Хүсэлт хэлэлцэх хуралдаанд хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра гоулд” ХХК оролцож байгаа юм.

“Сентерра гоулд” ХХК нь Ноён ууланд 3000 орчим га газарт тусгай дөрвөн зөвшөөрөл эзэмшдэг. Тодруулбал ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценз эзэмшдэг юм байна.

Хэрвээ шүүхээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авбал уг маргааныг эцэслэн шийдэх хүртэл Ноён уул, Гацууртын ордод олборлолт, хайгуулын ажиллагаа хийгдэхгүй юм.

Бид хүсэлт хэлэлцэх хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа