Гол төлөв улаан мандат өргөчихөөд байдаг Дорноговь, Говьсүмбэрт 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх сунгаа их л ширүүн өрнөж байна.

Олон горилогчтой ганцхан мандаттай тойрогт өрсөлдөх эрхээ олж авна гэдэг амаргүй тулаан. Сүүлийн өдрүүдэд хэвлэлээр одоогийн засаг дарга П.Ганхуяг, “Болд төмөр ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарыг чихийг мушгиж, шүүсийг нь шахаж байна. Мэдээж өрсөлдөгч, нам доторхи фракцийн хийж байгаа үйлдэл гэдэг нь тодорхой. Одоогоор тус тойрогт өрсөлдөхөөр яригдаж байгаа улстөрчдийг дурвал, АН-аас Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Монголын шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ц.Жадамбаа, УИХ-ын даргын зөвлөх Л.Гансүх нарын нэр дуулдаж байна.

МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, О.Одбаяр, Сод монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын нэр яригдаж байгаа бол МАХН-аас Ч.Чимэдсүрэн, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шаравдорж нарын нэр дуулдах болсон.

Дорноговь аймаг энергийн төв, хүслийг биелүүлдэг хайрхан, шашин номын томоохон хийдтэй болохоор нэр дэвшигчид нь мөн их “ энерги”-тэй бололтой.

Журмын нөхдөө гурвантаа голсон П.Ганхуяг

АН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Монголын шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ц.Жадамбаа, УИХ-ын даргын зөвлөх Л.Гансүх нарын хувьд харилцан адилгүй энерги үйлчилж байна.

Өөрийгөө хамгийн найдвартай бараг л нэр дэвших мандатаа өвөртөлсөн гэх Засаг дарга П.Ганхуяг сонгуулийн ажилдаа эрт оржээ. Түүний хувьд ажлаа хийж байгаа нь давуу тал. Анх улстөрд орохдоо “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаар овоглож байсан. Дараа нь АН-д ирж МоАХ фракцаар овогоо солив. Намдаа хөлөө олсон тэрээр одоо чамгүй хүчтэйд тооцогдож байгаа “Шонхор”-оор овоглох болов. Саяхан засаг төр бужигнах үеэр дэд сайдад нэр нь хүртэл яригдаж байсан тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байна.

Улстөрийн амбицдаа хэт автсан тэрээр Улаанбаатарт бүгэж орон нутагтаа ховорхон харагдах болсон. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа амлалтаа биелүүлээгүй, аймагт нь хүн малгүй өвчинд шаналж байхад үл огоорон Улаанбаатараас урд хөршийг даван зорьдог хэмээн шүүмжлүүлж байна. Хэвлэлд гарч буй энэ бүх сөрөг пиар нь нам доторхи өрсөлдөгчдөөс гарсан хэмээн таамаглаж байгаа бололтой. Хэдийгээр сонгуульд өрсөлдөх хамгийн боломжтой шигээ чих нь хамгийн их халууцах хүний яах аргагүй П.Ганхуяг болж байна.

ИТХ-ын дарга Г.Ганбаатарыг бусад өрсөлдөгч нар хатуу боорцог гэж харахгүй байгаа. Ц.Жадамбаа, Л.Гансүх нарын хувьд өрсөлдөх магадлал өдрөөс өдөрт буурч байна.

Сонгуулийн одгүй гэгддэг Б.Дэлгэрсайханы мөнгөн бороо

МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, О.Одбаяр, Сод монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын хувьд дотооддоо өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн. АН-тай харьцуулахад төдийлөн ил гараад байдаггүй. Харин энэ удаа өнгөрсөн 4 жил Дорноговь аймагт хадаатай байж нутгийн зөвлөлийг толгойлсон Б.Дэлгэрсайханг хар пиарын лантуу арай илүү таалаад байх шиг.

Хөрөнгө мөнгөөр “хахсан” Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулж байна. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн. Түүгээр үл барам онгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн гээд сонгуулийн бэлтгэл ажлаа эрт эхэлсэн хэмээн бичигдэх болов.

Уг нь МАН-ын гишүүн гэгддэг ч цагаа тулвал аль ч намд тал алдахгүй явчихдаг сүйхээтэй эр гэх. МАН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэргийн дуулиан ид мандахад хүртэл нэр нь дурдагдаж л явсан. Тухайн үед “Болд төмөр ерөө гол” компанийн цаад нууц эзэн хувь эзэмшигч нь Н.Энхбаяр гэсэн яриа гарсан ч хэн ч батлаагүй юм. Улстөрд битүүхэн өрсөлддөг ч сонгуульд нэр дэвших одгүй нэгэн. Энэ удаа буюу 2016 оны сонгуульд тэрээр нэр дэвших эрхээ авах хамгийн магадлалтай болчихоод байгаа сурагтай. Бизнесийн одыг улстөрдийн амьдралдаа оруулж ирэхээр зүтгэж байгаа түүний оролдлого хэрхэн бүтэхийг цаг хугацаа харуулах биз.

О.Одбаярын хувьд УИХ-ын гишүүн асан Ч.Одончимэгийн хүү. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр улстөрийн тулаанд ялалт байгуулсан нь үгүй. Энэ удаа ч Б.Дэлгэрсайханд тойргоо алдаж байгаа сурагтай. Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар нэр дэвших магадлал нь өдрөөс өдөрт буурч байна. 2012 оны сонгуулиас өмнө Дорноговь аймагт ажиллаж хувийн хөрөнгө оруулалт хийж байгаад сонгуулийн өмнөхөн баривчлагдаж дуулиан болж байв.

Б.Санчир



Эх сурвалж: TIMES.MN