Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох хэрэг олны анхааралд байна.

 

Улсад онц их хэмжээний хохирол учруулж, их хэмжээний мөнгө угаасан байж болох уг хэргийн мөрөөр цагдаагийнхан хэдийн орсон тухай улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр “Прокурорыг хэн томилдог билээ Ерөнхийлөгч, Цагдаагийн даргыг хэн томилдог билээ Ерөнхий сайд. Хувийн компанийн төлөө улстөрийн зорилгоор АН-ыг харлуулж буй явдалд би оролцоно.” хэмээн улстөрийн мэдэгдэл хийсэн юм.

 

Орон нутагт ажиллаж буй УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад үүрэг өгч нэн даруй ажлын хэсэг байгуулан ЦЕГ-т шалгалт оруулахыг шаарджээ. МоАХ-ны партизануудын шаардлага гэгчийг гардан авсан Хууль зүйн сайд Д.Дорлигжав “УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт сөрөг гарвал засгийн газрын хуралдаанд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах асуудлыг хэлэлцүүлнэ” хэмээн тохирсон тухай яриа төрийн ордонд тарж байна.

 

Э.Сүрэн